УИХ-ын гишүүний ХОМ-ийг шалгах хуулийн зохицуулалтыг өөрчлөх санал хүргүүлжээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-17 14:18:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-тэй холбогдуулан шалгах эрхийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т олгох хуулийн өөрчлөлт хийх саналаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн талаар "Бид уучлахгүй" хөдөлгөөнийхөн Төрийн ордонд өнөөдөр мэдээлэв. 


Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ оролцож байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Бид уучлахгүй хөдөлгөөн энэ сарын 24-нд УИХ-ын нэр бүхий гишүүний ХОМ-ийг шалгах хүсэлт УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн. Энэ дагуу УИХ-ын гишүүдээс холбогдох тайлбарыг бичгээр авч, дэд хорооны хурлаар хэлэлцэх байсан ч хоёр удаа ирц хүрээгүй. Авлигын эсрэг хуулийн зохицуулалтаар, өргөдөл, гомдлын дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо, Хууль зүйн байнгын хороо гишүүдийг шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ" гэж заасан. "Бид уучлахгүй" хөдөлгөөнийхөн энэ зохицуулалтыг өөрчилж, УИХ-ын гишүүний ХОМ-ийг шалгах эрхийг АТГ-т өгөх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байна" хэмээв.  


“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хууль, эрх зүйн орчны хүрээнд шийдэх шаардлагатай гэж үзэж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд уламжилж байгаагаагаа танилцууллаа. Тэд эдгээр хуулийн өөрчлөлтийг хийх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, хариу авсан байна. УИХ-ын даргын 2019 оны 177 дугаар захирамжаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын баг байгуулагдсан. Уг ажлын багт "Бид уучлахгүй" хөдөлгөөний саналыг тусгахаар албан бичиг хүргүүлсэн гэсэн хариу өгсөн байна. Тэд үндэслэлгүй хөрөнгөжсөн гишүүдийг шалгуулахаас илүү хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэдгийг тодотгосон юм.


Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад ашиг сонирхлын зөрчил үүсэх, батлагдахгүй үлдэх магадлал байгаа учраас хуулийн өөрчлөлтийг хийхэд олон нийтийн дэмжлэг чухал байгааг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн хэллээ.


Холбоотой мэдээ