Сурагчдын 45 хувь нь өглөөний цайгаа уудаггүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-16 16:27:51
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн аравдугаар сарын 16-нд тохиодог Дэлхийн Хүнсний өдрийг манай улс 10 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ХХААХҮЯ болон энэ салбарт ажилладаг байгууллагууд Сүхбаатарын талбайд “Бидний үйлдэл Бидний ирээдүй: Эрүүл хүнс–Зөв хооллолт. Өлсгөлөнгүй дэлхий” уриатай өдрийг өнөөдөр тэмдэглэлээ.


Энэ үеэр иргэд олон нийтэд  хүнсний аюулгүй байдал, шим тэжээллэг, чанартай хүнсийг хэрхэн сонгох, хэрэглэх талаарх мэдээлэл хүргэхээс гадна дотоодын 40 гаруй ААН, хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм.


Хүн идэвхтэй, аливаа өвчинд өртөх эрсдэл багатай байхад хангалттай хэмжээний шим тэжээл бүхий олон нэр төрлийн, аюулгүй хүнсийг Эрүүл хоол хүнс гэнэ гэж НҮБ-ын ХХААБ-аас тодорхойлжээ. Жимс, ногоо, төрөл бүрийн шош, самар, үр, бүхэл үр тариа болон сахар, давс, өөх тос, ялангуяа ханасан тос багатай хүнсний бүтээгдэхүүн эрүүл хүнсэнд тооцогддог байна. 


НҮБ-ын ХХААБ-ын 1979 оны 20 дугаар ерөнхий хуралдаанаар аравдугаар сарын 16 буюу тус байгууллага байгуулагдсан өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн 150 орон жил бүр тухайн жилийн онцлог, нэгдсэн нэг уриан дор Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэдэг.


Сүхбаатарын талбайд болсон Дэлхийн Хүнсний өдрийн нээлтэд ХХАХҮ-ийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, МХХ-ны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгч Винод Ахужа нар оролцлоо.


НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгч Винод Ахужа: “Хүн бүр өдрийг өглөөний цайгаар эхлүүлдэг. Гэвч энэ бол дэлхий дээрх олон сая хүний эдэлж чадахгүй эрх болоод байна. Энэ жилийн Дэлхийн Хүнсний өдрийг “Эрүүл хүнс-Зөв Хооллолт Бидний Үйлдэл-Бидний Ирээдүй” уриан дор тэмдэглэж буйгаар хүн бүр шим тэжээл бүхий хоол хүнсийг хүссэн үедээ худалдан авах боломжийг бий болгохыг уриалж байна. Монголын нийт хүн амын 12 хувь нь эрүүл идэвхтэй амьдрахад хангалттай хэрэгцээт илчлэг, шим тэжээлээ авч чадахгүй байгаа бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд энэ тал дээр ахиц гарсангүй. Үүнд зөвхөн төр засгийн бус хүн бүрийн хүчин чармайлт, оролцоо шаардлагатай” гэв.


Монгол улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Ээжийн сонголт-Эрүүл хүнс”, “Өглөөний цай” хөдөлгөөнийг эхлүүлжээ. Энэ нь нийгмийн харилцааны хамгийн жижиг нэгж болох гэр бүл, цаашлаад хувь хүн бүрт зөв хооллолтын ач холбогдолыг ойлгуулах сайн эхлэл төдийгүй, өлсгөлөнг зогсоох дэлхий нийтийн үйл хэрэгт оруулж буй том хувь нэмэр болохыг албаны хүмүүс хэлж байлаа. Монголын ЕБС-ийн сурагчдын зан үйлийн судалгаанаас үзэхэд, тэдний 45 хувь нь өглөөний цайгаа тогтмол уудаггүй гэсэн дүн гарчээ. Өглөөний цайгаа уугаагүй хүн сурах, ажиллах идэвх, анхаарал төвлөрөлт муу, бүтээмж бага байдаг аж.


ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: “Монголчууд бид өглөөний цайг өөртөө үлдээж, үдийн хоолыг анд нөхөртөө хуваалцахыг сургамжлан захидаг ард түмэн. Өглөөний цайгаа уугаагүй хүн өдөр, орой хоол хүнсийг зохисгүй ихээр хэрэглэх амьдралын буруу хэвшилд автдаг байна. Тиймээс “Өглөөний цай” хөдөлгөөний хүрээнд хүнсний чиглэлийн их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран Монгол хүнд тохирсон, өрхийн орлогын түвшинд нийцсэн өглөөний цайны хувилбарт, сонголттой цэсүүдийг боловсруулж гаргана. Мөн хэрэглэгчдэд чиглэсэн судалгаа, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө, мэдээллийн ажлуудыг нийгмийн сүлжээг ашиглан оновчтой, үр дүнтэй зохион байгуулахыг зорьж байна” гэлээ.


НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра: “Хоол тэжээлийн дутагдлыг 2030 он гэхэд зогсоох амлалт нь магадгүй өлсгөлөнгийн гай гамшгийг арилган хүн төрөлхтний сайн сайхны төлөө хийж буй ажлын хамгийн зоримог зорилт юм. “Хэнийг ч орхихгүй” уриатай Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээн дэх эдийн засаг, нийгэм, байгаль орчны олон талт харилцан хамаарал, цогц байдлыг ухамсарлан, зоримог өөрчлөлтүүдийг хийж 2030 он гэхэд үр дүнд хүрэхийг зорьж байна” гэлээ.


Холбоотой мэдээ