Улсын бүртгэлийн 38 үйлчилгээний төлбөрийг "Ebarimt" системээр төлдөг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-16 12:58:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, УБЕГ-аас иргэдийн авдаг 38 төрлийн лавлагаа, үйлчилгээний төлбөр төлөх шугамыг “ebarimt” системд шилжүүлэхээр шийдвэрлэсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэв. 


    Иргэд улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээ авах төлбөр тушаахдаа банканд 2-3 цаг зарцуулж байгаа талаар иргэдээс байнга гомдол ирдэг байна. Харин Сангийн яамнаас жил орчмын хугацаанд энэ асуудлыг судалж, Гааль, татварын санхүүгийн мэдээллийн төвийн “ebarimt” системийг хариуцаж байгаа мэргэжилтнүүд шийдлийг нь олжээ. Тодруулбал, иргэд НӨАТ-ын буцаан олголт авдаг “ebarimt” системээ ашиглан төрсний бүртгэл, иргэний үнэмлэх, гадаад паспорт, гэрлэсний бүртгэлтэй холбоотой үйлчилгээнийхээ төлбөрийг ухаалаг гар утаснаасаа цаг хугацаа, орон зай үл хамааран төлөх боломж бүрдүүлсэн байна. Ингэснээр иргэд заавал банкинд очиж цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэрэг хүндрэл арилж байна. Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллага энэ үйлчилгээг үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ.


    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Иргэд төрийн үйлчилгээ авахад учирдаг хүнд суртал, чирэгдлийг арилгах чухал шийдвэр гаргалаа. Төрийн байгууллагаар гүйж, банканд цаг алддаг. Холбогдох мэргэжилтнүүд төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй хугацааг газар дээр нь очиж судлахад 2.40 цаг болсон. Хороонд очиж үйлчилгээ авахад таван минут болсон ч банканд хамгийн их цаг зарцуулсан байна. Гадаад паспорт авахын тулд иргэн гурван өөр дансанд төлбөр төлж, банк хоорондын шимтгэл төлж байна. Тэгвэл өнөөдрөөс эхлэн “ebarimt” системийг ашиглан төлбөрөө нэг дор төлж, төрийн 38 лавлагаа, үйлчилгээг гурван минутын дотор авах боломж бүрдлээ” хэмээв. 



    УБЕГ-ын дарга Б.Баасандорж,  “Манай байгууллага иргэдэд 136 төрлийн үйлчилгээ үзүүлдгээс, иргэдийн хамгийн их ханддаг 38 төрлийн үйлчилгээг дээрх цахим төлбөрийн системд шилжүүллээ. Иргэд хороон дээр очоод үйлчилгээ авахад төлбөр төлөх асуудал хүндрэлтэй байсан.  Хамгийн их ачаалалтай байдаг үйлчилгээ нь иргэний үнэмлэх, гадаад паспортын захиалга байдаг. Өдөрт дунджаар 1200-1500 орчим иргэн гадаад паспорт захиалдаг бөгөөд 32 мянга 500 төгрөг тушаадаг. Банк хоорондын шимтгэлд нь 3-4 мянган төгрөг байв. Тэгвэл “ebarimt” системийг ашиглан лавлагаа, үйлчилгээнийхээ төлбөрөө ухаалаг гар утсаа ашиглан төлөх боломжтой боллоо” хэмээв. 


    Төрийн 88 байгууллага дундаас УБЕГ нь анх удаа НӨАТ буцаан олгодог болж байна. Өөрөөр хэлбэл, иргэд авсан үйлчилгээндээ төлсөн төлбөрийнхөө НӨАТ-ыг буцаан авахаас гадна сугалаанд оролцох эрхтэй болно хэмээн УБЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээллийнхээ төгсгөлд онцоллоо. 


    Мөн Засгийн газрын хуралдааны үеэр, Ерөнхий сайд энэ ондоо багтаан төрийн бүх байгууллагын үйлчилгээг энэ системд шилжүүлэх чиглэл, албан даалгавар өгчээ. Түүнчлэн иргэдээс авдаг төлбөр, хураамжийн хувь хэмжээг багасгахад анхаарахыг үүрэг болгосон байна. 

Холбоотой мэдээ