Манай баг гайхалтай тоглосон ч Киргиз 2:1-ээр хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-16 11:53:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн дөрөв дэх тоглолтоо Монголын шигшээ баг Киргизийн багтай өөрийн талбайдаа өчигдөр /2019.10.15/ хийж, 2:1-ээр ялагдал хүлээв.


Энэ тоглолтын эхний хагаст Киргизийн багаас найм дугаартай Гулжигит Алыкулов, 10 дугаартай Мирлан Мурзаев нар гоол оруулснаар зочин баг 2:0-ээр тэргүүлж эхэлсэн.


Харин хоёрдугаар үе эхлээд 12 минут болоод байхад үндэсний шигшээ багийн 19 дугаартай О.Мижиддорж багтаа 11 метрийн торгуулийн цохилт авчирсан бөгөөд багийн ахлагч Н.Цэдэнбал уг цохилтыг амжилттай болгосноор тоо 2:1 болж манай баг тамирчдын идэвх санаачилга илт сэргэж, хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг эрчээ авсан юм.


Ганцхан гоолын зөрүүтэй болсноос хойш манай шигшээгийн довтолгоо илэрхий сэргэж Д.Төрбат, А.Дөлгөөн, О.Мижиддорж нар хэд хэдэн цохилт хийсэн ч амжилт олсонгүй. Манай хоёр тамирчин бөмбөг эзэмшиж цойлон Киргизийн хаалганы өмнө гарч ирэн гоол тэнцүүлэх алтан боломжийг алдсан нь энэ тоглолтын хамгийн харамсалтай мөч байлаа.


Тоглолтын сүүлийн хэсэгт Киргизийн шигшээ багийг үе үе тэвдүүлж, хүчтэй эсэргүүцэл үзүүлэн олон эгзэгтэй довтолгоо хийж хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөсөн урамтай бас харамсалтай тоглолт боллоо. Тиймээ, энэ тоглолт Монголын хөлбөмбөгийн хөгжлийн түүхэнд тодоор бичигдлээ.


Монголын шигшээ баг, дэлхийн чансаанд өөрөөсөө 86 байрын урд бичигдэж байгаа Киргизийн шигшээ багтай тун хүчтэй өрсөлдсөн ч эцсийн мөчид ялалт эсрэг багийн талд шийдэгдлээ. Манай баг эхний хэсэгт санаачилгыг авч, сүүлийн хагаст тоглосон шиг довтолгоонуудыг хийсэн бол хожих, бүр ядаж тэнцэх байлаа гэсэн үзэгч, дэмжигчид олон байв.


Ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: "Бид маш их хичээж сайн тоглосон ч хамгаалалтад алдаа гарган эсрэг багт хоёр гоол зүгээр л бэлэглэчихлээ. Манай залуусын хувьд хүчтэй өрсөлдөж гоол хийх олон боломж гаргасан. Гэхдээ гүйцэтгэл сайн байж эерэг үр дүн авч чадахгүй туршлага дутаж байгаа нь биднийг улам их хичээж тоглох ёстойг санууллаа. Бид хөдөлмөрийнхөө үр дүнг авч чадахгүй байгаа нь харамсалтай. Харин бид ирэх жил, илүү дээд түвшинд гарна. Киргиз бол Азийн шилдэг 16 багийн нэг бөгөөд энэ багт ОХУ, Турк, Беларусь, Германы лигийн тоглогч бий. Дараа дараагийн тоглолтод ийм алдаа гаргахгүйн төлөө чармайна” хэмээн тоглолтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн юм.


Харин Киргизийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Крестинин “Хүнд тоглолт боллоо. Эхний үед бид маш сайн тоглосон ч хоёрдугаар үед асуудал их гарлаа. Бидний гол зорилт хожих байсан. Мьянмар, Монголыг ялаад зургаан оноо авч чадлаа. Энэ л чухал юм. Монголын шигшээ баг талбайдаа хүчтэй өрсөлдөөн үзүүллээ. Бие бялдрын хувьд ч хүчтэй гэдэг нь харагдлаа, тэд сайн тоглосон” гэж онцоллоо.


Монголын хөлбөмбөгийн ирээдүй маш гэрэл гэгээтэй харагдаж байгаа төдийгүй амжилт ойрхон ирснийг энэ тоглолт харууллаа. Герман улсын иргэн, Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайссын залуустай 2,5 жил хамтарч ажилласан хөдөлмөр, зүтгэлийн үр шим эхнээсээ гарч байгааг онцлох учиртай.


Чансаа хол илүү багтай эн тэнцүү тоглож, киргизүүдийг нэлээд сандраасан манай үндэсний шигшээ багийн дараагийн тоглолт 11 дүгээр сарын 19-нд Мьянмарын талбайд болно.


Дэлхийн чансааны 183-т бичигддэг Монголын шигшээ баг мөн чансааны 97-д бичигддэг Киргизийн шигшээ багтай тэнцүүхэн тоглолт үзүүлж ялагдлаа. Ийнхүү Киргизийн шигшээ баг хожсоноор 6 оноотой болж, гоолын зөрүүгээр Японы шигшээ багийн ард хоёрдугаар байрт бичигдэж эхлэв. Харин Монголын шигшээ баг ялагдал хүлээснээр 3 оноотой хүснэгтийн дөрөвдүгээр байрт Мьянмарын шигшээ багийн дээр бичигдэж байгаа юм. Өчигдөр Тажикистаны шигшээ багийг Японы шигшээ баг нутагт нь 0:3-аар хожсон байна.


Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн тэмцээний явцыг сонирхуулахад,  1. Япон - 9 оноо (+11), 2. Киргиз - 6 оноо (+8), 3. Тажикистан - 6 оноо (-1), 4. Монгол - 3 оноо, 5. Мьянмар - 0 оноотой байгаа юм.


Үлдсэн тоглолтууд: 5 дугаар тойрог - 2019.11.14

Киргиз - Япон

Мьянмар - Тажикистан

6 дугаар тойрог - 2019.11.19

Киргиз - Тажикистан

Мьянмар - Монгол

7 дугаар тойрог - 2020.03.26

Япон - Мьянмар

Тажикстан - Монгол

8 дугаар тойрог - 2020.03.31

Мьянмар – Киргиз

Монгол - Япон

9 дүгээр тойрог - 2020.06.04

Киргиз - Монгол

Япон - Тажикистан

10 дугаар тойрог - 2020.06.09

Япон - Киргиз

Тажикстан - Мьянмар

Холбоотой мэдээ