Төв аймагт авто тээврийн стандартын буудал ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-10-16 09:12:21

Төв  /МОНЦАМЭ/. Төв аймагт авто тээврийн цогц үйлчилгээ үзүүлэх "Төв авто буудал" ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. 

Нээлтэд УИХ-ын гишүүн М.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, ЗТХЯ-ны авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн  бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ зэрэг албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцжээ.

Төв аймгийн авто тээврийн газар 70 жилийн түүхэндээ анх удаа стандартын шаардлага хангасан цогц үйлчилгээ үзүүлэх гуравдугаар зэрэглэлийн авто тээврийн төвөөр иргэддээ үйлчлэхээр өнөөдөр хүлээж авлаа.

Энэхүү барилга байгууламж нь өдөрт 700-1000 иргэнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд эмчийн өрөө, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөө, хүлээлгийн өрөө, эх хүүхдийн амрах өрөө, ачаа тээш хадгалах өрөө гэх мэт нийт 337м2 бүхий 3р зэрэглэлийн стандартын дагуу баригдсан жишиг автовокзал гэнэ. Төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригджээ. Авто тээврийн төвийн барилгыг аймгийн "Төв төгөл, Мон ширээт" ХХК барьж ашиглалтад өгчээ.

“Улаанбаатар-Төв аймгийн Зуунмод” чиглэлд энэ оны эхний наймдугаар сарын байдлаар нийт 117,808 зорчигч үйлчлүүлсэн бөгөөд энэхүү автобуудал ашиглалтад орсноор зорчигч урсгалын тоо жилээс жилд нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байв. Стандартын дагуу баригдсан гадна талбай нь 45-50 тээврийн хэрэгслийн зогсоолтой нийтийн тээврийн үйлчилгээг иргэд, зорчигчид тав тухтай,түргэн шуурхай хүртэх нөхцөл  бүрджээ.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас сүүлийн гурван жилийн хугацаанд стандартын шаардлага хангасан автобуудал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилга байгууламжийг орон нутагт үе шаттайгаар барьж,  нийт 6 аймагт автотээврийн төвийн барилга байгууламжийг ашиглалтад оруулаад байна хэмээн энэ үеэр Авто тээврийн үндэсний төв, ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон  хэллээ.

Төв аймаг 2019 оныг "Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт"-ын жил болгон зарласан бөгөөд энэ жил 85 тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн түүхэн жил болж байна хэмээн  аймгийн ИТХ-ын дарга Энхбат энэ үеэр хэллээ. 


Холбоотой мэдээ