Гэрлэх ёслолын ордонд 48 хос гэрлэлтээ батлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-15 17:04:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнөөдөр тохиож буй намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Гэрлэх ёслолын ордонд 48 хос хуримлалаа. Хамгийн эхний хос үүрийн 4 цагт, сүүлийнх нь 19 цагт гэрлэлтээ батлуулав.

Хуримлах хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгөх шаардлагатай бөгөөд хуримын ёслол 50 минутаас 1 цаг үргэлжлэхэд 781-803 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Харин балжинням, дашнямтай билэгт сайн өдрийн ёслол нэг сая 276 мянган төгрөгийн үнэтэй байдаг байна.

Эл өдөр зөвхөн залуу хосуудаас гадна он удаан жил ханилсан хосууд тус ордонд хуримын ёслолоо үйлддэг болсон. Жараас дээш жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ"-ийн хурим хийдэг бол 45-50 жил “Алтан", 20-иос дээш жил ханилсан хосууд "Мөнгөн" хуримаа ёсолдог байна.

Гэрлэх ёслолын ордны Захиргаа аж ахуй хариуцсан менежер Ж.Цэцэгдарь хэлэхдээ, “Сүүлийн үед Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж буй хосууд олширсон. Өнөө жилийн хувьд, 1991-1993 онд төрсөн олон залуу хуримаа хийж байна. Нэг үеэ бодвол дашням, балжинням давхацсан сайн өдөр хуримлана гэж дараалал үүсгэдэг хандлага харьцангуй өөрчлөгдсөн” гэв.

Гэрлэх ёслолын ордонд 1976 оноос өнөөдрийг хүртэл нийт 34 мянга гаруй хос хуримын ёслолоо үйлджээ.


Холбоотой мэдээ