“Сод Маргад” ХХК-ийн уул уурхайн хайгуулын үйл ажиллагааг түр зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-15 17:01:51

Ховд /МОНЦАМЭ/.  “Сод Маргад” ХХК нь Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутаг “Бүргэдтэй хайрхан” уул орчим 11.600 орчим га газарт  уул уурхайн хайгуулын үйл ажиллагаа эхэлснийг  түр зогсоов.

Учир нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нутгийн шүтээн уулыг байгалийн унаган төрх байдлаар хадгалан хамгаалах зорилтын хүрээнд сумын иргэд тус компанийн хайгуулын үйл ажиллагаанд хяналт тавих, улмаар  зогсоох тухай хүсэлт ирүүлсэн гэж аймгийн ИТХ-аас мэдээллээ.

Энэ сарын 14-ний өдөр аймгийн удирдах ажилтнууд холбогдох байгууллагын мэргэжилтэн, компанийн төлөөлөлтэй  уулзаж, ярилцжээ.

Энэ үеэр Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, аравдугаар сарын 17-ны өдөр газар дээр нь очиж ажиллахаар шийдвэрлэжээ.

“Сод маргад” ХХК-ийн хайгуул хийх ажлын бүрэлдэхүүн Дуут суманд өнгөрсөн долоон хоногт ирж, техник төхөөрөмж бүхий өрөмнүүдээ суурилуулсан аж.

Гэхдээ сумын Засаг даргын шийдвэр, улсын байцаагчаас акт тогтоосны дагуу өчигдөр компанийн хайгуулын үйл ажиллагааг түр зогсоосон байна. Компанийн зүгээс хуулийн хүрээнд бүх шатны байгууллагаас зөвшөөрөл авсан гэж мэдээлж байна.

Дуут сумын нутагт далайн түвшнээс дээш 3500 метр өндөр өргөгдсөн Алтайн нурууны сүрлэг уулс олон бий. Тэдгээрийн нэг бол “Бүргэдтэй хайрхан” уул юм. Тус хайрханы дэргэдэх гол нь Буянт голын эх ундрагыг бүрдүүлдэг аж.

“Бүргэдтэй хайрхан” ууланд Монгол орны нэн ховор амьтан, ургамлын жагсаалтад багтсан янгир ямаа, ооч ёл, идлэг шонхор, алтайн хойлог болон бусад амьтан, ургамал элбэг бий.

 

Холбоотой мэдээ