Улаанбаатар кино наадмын онцлох бүтээлүүд

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-10-14 16:16:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, Монголын Кино урлагийн зөвлөл, "Номадиа Пикчерс"-тэй хамтран “Улаанбаатар” олон улсын кино наадмыг зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл энэ жилийн кино наадам өнөөдөр эхэлж буй бөгөөд энэ сарын 20-ыг хүртэл үргэлжлэх юм.


Тус наадам нь “Монгол киноны уралдаант хэсэг”, “Олон улсын уралдаант бус хэсэг”, “Онцлох орны кино хөтөлбөр”, “Кино форум”, “Кино салбарын сургалт” гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонто олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, АНУ, Герман, Исланд, Македон, Монгол, Хятад, Солонгос, Франц зэрэг 9 орны 18 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.

Наадмын зорилго нь кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхэд оршиж байна. Ингээд 11 дэх жилдээ зохион байгуулж буй тус наадмаар үзэгчдийн хүртээл болох онцлох бүтээлүүдийг тоймлон хүргэж байна.


ШИМЭГЧ




Найруулагч Бун Жуны эргэн ирэлт нь “Шимэгч” кино байв. Түүний энэхүү бүтээл нь эзэндээ 2019 оны Каннын кино наадмын дээд шагнал болох “Алтан далдуу мод”-ыг авчирсан юм. Ингэснээр Бун Жун Каннын наадмын дээд шагнал хүртсэн анхны солонгос найруулагч болж түүхэн явдлын эзэн болсон.


Уг киноны хамгийн чухал зүйл нь зохиолдоо байгаа шиг санагддаг. Зохиол нь бүхэлдээ өөрийн гэсэн утга санааны багаас дээш ахисан өсөлттэй бөгөөд завсар зай гэж үгүй. Үүний дээр илүү дутуу, хуурай сценгүйгээр үйл явдал өрнөдөг. Тиймдээ ч төгсгөлийн гэнэтийн эргэлтээс дутахгүйгээр кино бүхэлдээ зугаатай.


Үйл явдлын хувьд, Ким хэмээх нэгэн эрийн ядуу, зүдүү амьдралаас салах гэсэн тэмцлийн тухай өгүүлдэг. Тэрээр эхнэр, охин, хүү гурвын хамт амьдарна. Хүү нь Парк гэх баян айлын охинд хичээл заах болсноор түүх эхэлдэг. Кимийн хүү эгчийгээ, харин охин нь аавыгаа, аав нь эхнэрээ Паркийн харшид ажилд оруулна. Харин хэрхэн яаж гэдгийг киноноос үзэх нь чухал. Эцэстээ бидний хүсээгүй, эсвэл чин сэтгэлээсээ хүссэн төгсгөлийн аль нь ч үзэгчдийг угтах боломжтойг энд дурдъя.


СИСТЕМ СҮЙТГЭГЧ




Германы найруулагч Нора Фингшайд уг киноны зохиолыг өөрөө бичиж, найруулжээ. “Ле Арк кино наадам”-ын “Өрнөж буй Бүтээл” шагнал хүртсэн энэхүү кино нь “Оскарын гадаадын шилдэг кино төрөл”-д мөн өрсөлдөж буй юм. Мөн энэ ондоо Берлиний ОУКН-ын Альфред Бауэрын шагнал “Мөнгөн баавгай” хүртэж, тус наадмын уралдаант хэсэгт "Алтан Баавгай" тэргүүн шагналд өрсөлдсөн байна.


Кино ерөнхийдөө Бенни охины тухай өгүүлнэ. Тэрээр 9 настай боловч хагас зэрлэг хэмээж болмоор хүүхэд. Түүний хүүхдийн халамжийнхан “Систем сүйтгэгч” хэмээн нэрлэдэг. Нора Фингшайдийн анхны бүрэн хэмжээний “Систем сүйтгэгч” нь хувь хүний сэтгэл зүй, оюун санааны нарийн судалгааг өвөрмөц байдлаар харуулсан сэтгэл хөдөлгөм кино юм.


Бенни охинд өөрчлөгдөх хүсэл огтоос төрөхгүйгээр үл барам зөвхөн ээжтэйгээ хамт байхыг хүснэ. Харин ээж Бианка нь охиноосоо айдаг. Тиймээс хүүхдийн халамжийн төвийн Хатагтай Бафани охиныг байнгын хаягтай болгохыг ихэд хичээнэ. Тэрээр Бенни охинд уураа барьж сургахыг заалгахаар тусгай багш Мишаг хөлсөлдөг. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг Улаанбаатар кино наадмын үеэр харах болмжтой.


ХИЙМОРЬ




Кино наадмын хүрээнд “Монгол кино хөтөлбөр”-ийг 3 дахь жилдээ зохион байгуулж буй. Энэ удаагийн уралдаанд найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан”, Э.Ган-Очирын “Дурсаж яваарай”, Б.Тулгаагийн “Буцаагүй амлалт”, Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”, Д.Ганцэцэгийн “Халуун зүрх”, Ц.Хүсэлбаатарын “Нинжин сэтгэл”, Ж.Сэнгэдоржийн “Би нар”, Т.Мөнх-Оргилын “Тойрон эргэлдэх үхэрнүүд” зэрэг бүтээл өрсөлджээ.


Уг найман бүтээлээс “Хийморь”, “Би нар”, “Халуун зүрх” гэсэн гурван бүтээл “Монгол кино хөтөлбөр”-т шалгаран энэ сарын 16-ны өдөр “Тэнгис” кино театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болно.


Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь" найраглалаас сэдэвлэн жүжигчин Г.Эрдэнэбилэг найруулсан “Хийморь” уран сайхны кино нь Оскарт нэр дэвших эрхээ авсан юм. Учир нь уг кино нь ХБНГУ-ын “Oldenburg film festival”-аас “Spirit of cinema award” шагнал хүртэж, одоо “San Diego International Film Festival”-д өрсөлдөж буй.


Монгол морины хийморь, монгол эрийн сүр сүлдтэй хэрхэн холбогдож буй тухай өгүүлэх тус киног гурван жилийн турш бүтээсэн гэнэ. “Хийморь” нь Монголын кино театруудаар өмнө нь гарч байсан хэдий ч үзэж амжаагүй хүмүүс “Улаанбаатар кино наадам”-ыг зориход хангалттай.


БИДНИЙ ЭЭЖҮҮД




Мексикийн кино урлагийн дээд шагналыг авсан “Бидний Ээжүүд” бол найруулагч Цезарь Диазын анхны бүрэн хэмжээний кино юм. Найруулагч Диаз 1978 онд Гватемалд төрсөн ба Мексик болон Бельгид сургуулиа төгссөний дараа Парисын “Фемис кино урлагийн сургууль”-д кино зохиол бичих чиглэлээр суралцсан байна. Мөн богино хэмжээний “Үнснээс гарсан үр” киног найруулсан нь олон улсын 20 гаруй кино наадамд амжилттай оролцсон юм.


Энэ удаад онцолсон “Бидний ээжүүд” кино нь Каннын кино наадмын “Алтан дуран” шагнал хүртсэн бүтээл. Киноны үйл явдалд 2018 он Гватемал дүрслэгдэнэ.


Иргэний дайныг өдөөсөн гэх цэргүүдийг шүүх хурал олон нийтийн анхаарлын төвд байлаа. Хохирогчдын мэдүүлэг ар араасаа хийгдэж, шинэхэн антропологич Эрнесто бол Криминалистикийн Төвийг төлөөлж, сураггүй бологсдыг тодруулах ажил гүйцэтгэгчээр томилогдсон байна. Нэгэн настай эмэгтэйн мэдүүлгийг сонссон Эрнесто дайны үеэр партизан байж байгаад сураггүй болсон аавынхаа тухай мэдээлэл олох сэжүүрийг олно. Ээжийнхээ эсэргүүцлийг үл тоон үнэнийг олохын тулд бие сэтгэлээ зориулах залуугийн түүх цааш үргэлжилнэ.


БИ ГЭРТЭЭ БАЙСАН, ГЭХДЭЭ...




Энэ оны Берлиний ОУКН-ын уралдаант хэсэгт шилдэг киноны “Алтан Баавгай” шагналд нэр дэвшиж, шилдэг найруулагчийн “Мөнгөн Баавгай” шагнал хүртсэн “Би гэртээ байсан, гэхдээ...” киног онцлохгүй байх аргагүй.


Найруулагч Анжела Шанелекийн уг бүтээл дунд сургуулийн сурагч хүү Филип найман настай охин дүү болон ээжийнхээ хамт амьдардаг тухай өгүүлснээр үйл явдал эхэлнэ.


Гэнэтхэн чимээ сураггүй долоо хоног алга болж байгаад Филип хүү гэртээ ирнэ. Түүнийг юу хайж хаагуур явсныг ээж болон багш нар нь мэдэж чаддаггүй. Хүүгийнхээ амьдралд оролцох, нөлөөлөх хүрээ эрс хязгаарлагдсаныг ээж нь хүлээн авч чадахгүй байх боловч түүний ээж өөрийгөө буруутган, яах бол гэдэг айдсаас болж сэтгэл санааны хямралд орно. Харин хүүхдүүд нь түүнээс нүүр бууруулахгүй байх ч гэлээ аажмаар гэр бүлийн тогтолцоо өөрчлөгдөнө.


Холбоотой мэдээ