БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Дорноговь аймагт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-14 09:17:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ням гарагт Дорноговь аймагт ажиллаж, аймгийн Хүүхдийн ордонд салбарынхаа ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтад БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан зэрэг албаны хүмүүс оролцож, багш, албан хаагчдын асуултад хариулав.

Багшийн ачааллыг бууруулах чиглэлд анхаарч байгаад багш нар талархалтай байлаа. Тухайлбал, олон төрлийн уралдаан, тэмцээнийг хязгаарлаж, цахим журнал хэрэглэх журмыг тодорхой болгож, хичээлийн жилийн бүтэц, амралтын хуваарийг хот, хөдөөгийн нөхцөлийг харгалзан уян хатнаар тогтоож өгсөнд баяртай байгаагаа илэрхийлж байна.

Цаашид анхаарах асуудлуудыг ч хөндөв. Тухайлбал, орон нутгийн сургуулийн дотуур байранд амьдарч буй сурагчдын хараа хяналтыг сайжруулж, хүмүүжил төлөвшилд анхаарах, багш бэлтгэх тогтолцоо, ялангуяа цэцэрлэгийн туслах багш бэлтгэх сургалтыг чанаржуулах, багшийн тэтгэврийн нас, цалин, нийгмийн хангамжийг сайжруулахад бодлогын ахиц гаргахыг салбарын сайдаасаа хүслээ.

Уулзалтын төгсгөлд салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан багш Д.Дуламсүрэн, С.Сүхчулуун, Ч.Ариунцагаан нарыг Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж, баяр хүргэсэн юм.

 

 

 

 

Холбоотой мэдээ