176 оюутанд 207 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-12 20:37:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн ИТХЗДТГ-ын санаачилгаар сургалтын төлбөрийн тэтгэлгийг гурав дахь жилдээ олгож байна. 2019-2020 оны хичээлийн жилд нийт 176 оюутан 207 сая төгрөгийн тэтгэлгийг авах болзлыг хангасан бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудтай УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, М.Билэгт болон аймгийн Засаг дарга Г.Батжаргал гэрээ байгуулж, батламжийг Төрийн ордонд гардуулан өглөө.

Орон нутагт чухал шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх, суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд хөшүүрэг болох, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах, дэмжих зорилгоор тус тэтгэлгийг олгодог байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээсээ хойш давхардсан тоогоор хоёр сая хүртэлх төгрөгийн тэтгэлгийг 400 гаруй оюутанд бодит дэмжлэг болгон хүргээд байгаа аж.

Аймаг орон нутгаас тавьсан шаардлагыг хангаж, тэтгэлгийг гурван жил дараалж 37 оюутан, хоёр жил дараалж 59 оюутан авах боломжийг хангажээ.

Холбоотой мэдээ