Газар хөдлөлт идэвхжих магадлалтай байгааг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд 2019 онд гурван удаагийн газар
хөдлөлт болжээ. Энэ нь газар хөдлөлт идэвхжих магадлалтай бүс нутаг болохыг
харуулж буй юм. Тиймээс газар хөдлөлт болон бусад учирч болзошгүй гамшгаас урьдчилан
сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймгийн мэргэжлийн анги албадын бэлэн байдлыг
шалгаж, иргэдэд мэдээлэл өглөө.
Тодруулбал, тус аймгийн Эрдэнэцагаан сум болон Дорнод
аймгийн Матад сумын заагт гурван баллын хүчтэй газар хөдлөлт хоёр удаа, Наран сум буюу хил орчмын бүс нутагт дөрвөн
баллын хүчтэй нэг удаагийн газар хөдлөлт болжээ.
Жил бүрийн 10 дугаар
сарын 13-ны өдөр гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиодог. Энэ өдрийг
угтаж Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй гамшгаас хамгаалах албадын
бэлэн байдлыг шалгах, албадаа иргэд олон нийтэд сурталчлах өдөрлөгийг аймгийн
ОБГ-аас хийсэн юм.
Гамшгаас хамгаалах олон улсын өдрийг тэмдэгдэн
өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн
хэмжээнд 10 дугаар сарын 05-наас иргэд, ААНБ-руу чиглэсэн сургалт
сурталчилгааны ажлуудыг төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Мөн
тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг хэрхэн буруулах боломжтой талаар
хэлэлцүүлэг, Уулбаян суманд гамшгаас хамгаалах команд штабын сургалтыг
явуулсан. Сүхбаатар аймагт тохиолдож болзошгүй, магадлал өндөртэй хэд хэдэн
төрлийн гамшиг бий. Хээрийн түймэр, малын гоц халдварт өвчин, зудаас гадна
газар хөдлөлт идэвхжих төлөвтэй байгаа нь ахнааралдаа авах зүйл болсон гэдгийг
аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ хэллээ.