Улсын төсвөөр барьж буй барилгуудын чанарт анхаарах нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-11 10:49:59

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг боловсролын салбарын барилгын чанарт анхаарч барилгын компаниудтай тусгайлан гэрээ байгуулдаг ажээ.

Учир нь боловсрол, соёлын байгууллага нь чанартай барилгыг хүлээн авах нь нэн чухал юм. Тухайлбал 2017 онд сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг 31 объектод Мэргэжлийн хяналтын газрын хяналт, шалгалт хийхэд “ашиглалтын шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Сургууль, цэцэрлэгийн барилга барьж буй зарим компани ажилдаа хариуцлагагүй хандаж, дулаалга сайн хийгээгүйгээс болж хүүхдүүд өвөл гадуур хувцастайгаа хичээлдээ суухад хүргэсэн тохиолдол бий. Араас нь хөөцөлдөөд ч төдийлөн үр дүнд хүрээгүй хэд хэдэн тохиолдол бий. Мөн зарим сургуулийн хана цуурсан, дээврээс нь бороо, цасны хайлсан ус гоожсон зэргээр сүүлийн жилүүдэд шинээр барьсан барилгуудаас чанар муу нь хэд хэд бий. Ташрамд дуулгахад, нийт цэцэрлэгийн 42 барилга байгаагаас насжилт өндөртэй. Тухайлбал 1936-1969 онд баригдсан дөрөв, 1970-1979 онд баригдсан долоо, 1980-1989 онд баригдсан 9 барилга байна. Мөн 1990-1999 онд баригдсан хоёр, 2000-2009 онд баригдсан найм, 2010-2019 онд баригдсан 12 барилга байна. Тэгэхээр өнөөдөр ерөнхий боловсролын 29 сургууль 1962-2019 онд баригдсан 53 хичээлийн байрт үйл ажиллагаагаа явуулж байна. 

Харин аймгийн хэмжээнд нийт цэцэрлэгийн барилгын 71.6 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 84.9 хувь нь 20-81 жил болсон насжилт өндөртэй барилга байна. Цаашид нэн даруй Улиастай сумын 9 ба нэгдүгээр цэцэрлэг, Отгон, Баянхайрхан, Тосонцэнгэл сумын 1, 2, 3, 4-р цэцэрлэгийг шинээр барих хэрэгцээ бий. Мөн  шинээр хичээлийн байр барих шаардлагатай сургуулийн тоонд Улиастайд дөрөв, Яруу, Баянтэс, Сонгино, Эрдэнэхайрхан, Шилүүстэй сумын ерөнхий боловсролын сургуулиуд байгаа. Бид жил бүр боловсролын салбарын барилгын ажлуудыг улсын төсөвт заавал суулгах арга хэмжээг шат шатандаа авч хэрэгжүүлж ажиллаж байгаа гэдгийг аймгийн БСУГ-аас нэмж дуулгалаа.

2019 онд боловсрол, соёлын салбарын барилгын найман төслийн хөрөнгө тусгагдсан

Завхан аймаг 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлдээ гурван сумын цэцэрлэг, хоёр сумын сургуулийн барилга, соёлын салбарын гурав, нийт найман төслийн хөрөнгө оруулалтыг тусгажээ.

Тухайлбал Завханы Дөрвөлжин сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга 1,145.8 сая төгрөг, Шилүүстэй сумын  100 хүүхдийн цэцэрлэгийн барилга 500.0 сая төгрөг, Алдархаан сумын 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга 462.0 сая төгрөг, Сантмаргаз сумын 320 хүүхдийн сургууль, спорт заалны барилга 1,700.0 сая төгрөгөөр тус тус улсын төсвөөр баригдаж байна. Мөн Цэцэн-Уул сумын 160 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, спорт заалны барилга 700.0 сая төгрөг, Их-Уул сумын 300 хүний суудалтай соёлын төвийн барилга 1,200.0 сая төгрөг, Баянтэс суманд 300 хүний суудалтай соёлын төвийн барилга 1,000.0 сая төгрөг, Улиастай сумын 800 хүний суудалтай театрын барилга 4,118.3 сая төгрөгөөр гэхчлэн тус тус барилгын ажлууд хийж байна.

Дээр дурдсан нийт найман төсөл арга хэмжээний төсөвт өртөг 13 тэрбум 48,7 сая төгрөг болж байгаа бөгөөд 2019 онд 6,330  тэрбум төгрөгийн санхүүжилт нь хийх ажээ. Шилүүстэй болон Дөрвөлжин сумын цэцэрлэгийг энэ оны есдүгээр сард ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн бол бусад нь 2020 онд дуусах барилгууд юм байна. Эдгээр барилгууд ашиглалтад орсноор хүүхдийн цэцэрлэгийн ор 250-аар, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн суудал 480-аар нэмэгдэнэ. Түүнчлэн соёлын байгууллагаар үйлчлүүлэх үзэгчдийн суудал 1400-аар тус тус нэмэгдэж боловсрол, соёл урлагийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, тухайн цэцэрлэг, сургуульд сурч боловсрох ая тухтай орчин нөхцөл бүрэлдэх юм хэмээн аймгийн БСУГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ