Сайжруулсан түлшийг зөв хэрэглэхийг айл өрхөд биечлэн зөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-10 16:37:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар  болон угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар өнөөдөр мэдээллээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, “Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөр бүр 10.00, 16.00 цагт холбогдох байгууллагуудаас тогтмол хүргэж байна. Энэ сарын 9-ний өдрийн 9.00 цагаас өглөөний 6.00 цагийн байдлаар 17 өрхийн 34 иргэн угаарын хийнд хордсон гэх дуудлага өгсөн. Дээрх 34 иргэнээс 18 хүүхэд, 16 том хүн байсан. Өнөөдөр өглөөний 6.00 цагийн байдлаар эмнэлэгт есөн том хүн, гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, “МХЕГ-аас угаарын хийн хордлогод өртсөн өрхүүдийн хэрэглэж байсан шахмал түлшнээс дээж аван шинжлэхэд ямар нэгэн стандарт зөрчсөн зүйл гараагүй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой нийслэлийн болон дүүрэг, хороодын төрийн албан хаагчид 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, иргэдэд сайжруулсан шахмал түлшний зөв галлагааны талаарх зөвлөгөө мэдээллийг гэрээр нь орж биечлэн танилцуулж, зааварлаж байна” хэмээв. Мөн иргэдийн ашиглаж байгаа ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй яндангийн сойлт хийсэн, зориулалтын хавхлагыг авч хаясан, янданг хэт намхан хийсэн гэх зөрчил илэрч байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлэв.

Шахмал түлшний буруу хэрэглээнээс болж иргэд угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаатай холбогдуулан нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан, дүүрэг хорооны ажилтнууд гэр хорооллын айл өрхөөр явж түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллаж байгаа. Иймд мэргэжлийн байгууллагуудаас хүргэж байгаа зөвлөмж мэдээллийг олон нийтэд хүргэх талд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг идэвхтэй оролцохыг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриаллаа.

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний  дагуу НМХГ, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өдөрт хоёр удаа мэдээлэл хийх юм.

Холбоотой мэдээ