Баруун бүсийн хөдөлмөрийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-10-12 11:47:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/ "Хөдөлмөр эрхлэлт-Нийгмийн түншлэл” сэдэвт баруун бүсийн Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн Говь-Алтай аймагт эхэллээ.                                     

Зөвлөгөөнд Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Говь-Алтай аймгийн Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын төлөөлөл нийлсэн 60 гаруй хүн оролцож байна.

Зөвлөгөөний эхэнд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Отгонбаяр болон албаны бусад төлөөлөгчид нээлтийн үг хэлж зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Хоёр өдөр үргэлжлэх баруун бүсийн зөвлөгөөний эхний өдөр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл” хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ажилтны байгууллагуудын үүрэг, цаашдын зорилт, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ахлах зөвлөх П.Баттогтох “Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл” хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ажил олгогчдын байгууллагын үүрэг, ажлын байр нэмэгдүүлсэн болон хадгалж буй аж ахуй нэгжүүдийг дэмжих нь”, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2019-2020 оны хөтөлбөрүүд сэдвээр тус тус илтгэл тавин мэдээлэл өгч сонирхсон асуултад хариулав.

Үргэлжлүүлэн оролцогч аймгуудын ХХҮГ, ЗДТГ-ын төлөөллүүд Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлүүдийн хамтын ажиллагаа, сайн туршлагын талаар мэдээлэл өгч Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын тухай аймгийн ҮЭ-ийн холбоо, аймгийн Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөллүүд мэдээлэл хийж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийн бодлого "Ажилгүйдэл ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн танилцуулгыг ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий илтгэл тавьж хөтөлбөр хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд орон нутгийн санаачилгын талаар оролцогчдын санал асуултыг сонссон юм.

Энэ үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч авах, мэргэжилтэн авах тухай хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлуудын талаар ХНХЯ, МҮЭ-ийн холбооны төлөөллүүд мэдээлэл өгснөөр ийнхүү эхний өдрийн зөвлөгөөн өндөрлөх ажээ. .

Харин маргааш буюу аравдугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгч иргэн, байгууллагын үйл ажиллагаатай танилцах, өмнөх өдрийн хэлэлцүүлгийн асуудлыг бататгах, Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, МБССЗ болон ХЭСЗ-ийн үйл ажиллагааны уялдааг хангах нь сэдэвт ЗДТГ, МАОЭНХ, МҮЭХ-ны илтгэлийг сонсож орон нутгийн оролцогчдын санал хүсэлт асуулт хариулт, мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа үйл ажиллагаатай танилцаж энэхүү зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийг хэлэлцсэнээр энэ удаагийн баруун бүсийн зөвлөгөөн өндөрлөх юм.

Холбоотой мэдээ