Зимбабвед цахилгаан эрчим хүчний үнэ 320 хувиар нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-10-09 17:06:50

ХАРАРЕ. /Reuters/. Зимбабве улсын Засгийн газар төсөв хүнд байгаа нөхцөлд цахилгаан эрчим хүчний үнийг 320 хувиар нэмжээ.


“Энэхүү арга хэмжээ нь төрийн эрчим хүчний компаниудад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, эрчим хүчийг хязгаарлах хугацааг багасгах боломж олгоно” гэж үндэсний эрчим хүчний зохицуулагчийн мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. Зимбабвегийн үйлдвэрүүд болон айл өрхүүдийн эрчим хүчийг өдөрт 18 цаг хүртэл хязгаарлаж байгаа аж. Үүний улмаас олон үйлдвэр шөнийн цагаар ажиллахад хүрсэн байна.


Тус улсад энэ жил урьд өмнө байгаагүй ган ганчиг болсны улмаас УЦС-уудын усан сангийн нөөц ус эрс багассан нь сүүлийн хэдэн саруудад байдлыг улам дордуулжээ.  


Зимбабвегийн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва 10 дугаар сарын 1-нд ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, улс орныг эдийн засгийн хямралаас гаргахыг хүлээхдээ тэвчээртэй хандахыг уриалжээ. Тэрбээр Зимбабвегийн эдийн засаг “хагас үхлийн байдалд” байгаа болохыг цохон тэмдэглэсэн байна.  


Зимбабвегийн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш огцом суларч, хэрэглээний үнэ эрс өссөөр байгаа юм. Тус улсын Засгийн газар 2020 оны хоёрдугаар сар хүртэл инфляцын түвшний талаарх мэдээллийг нийтлэхийг албан ёсоор хоригложээ.


Холбоотой мэдээ