Нийслэлийн сургуулийн 53 хувь нь зориулалтын бус цайны газартай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-10-09 08:37:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлыг шалгахаар нийслэл, 21 аймгийн 252 сургууль, 90 дотуур байр, 385 цэцэрлэг, 7 их, дээд сургууль, 8 МСҮТ, 30 хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд нийт 772 обьектод урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ.

Шалгалтын дүнг нийслэл дэх төрийн болон төрийн бус өмчийн бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, эмч, ахлах тогооч зэрэг 1000 гаруй хүнд танилцуулав.

Шалгалтаар 19 цэцэрлэг, 13 сургууль зориулалтын бус байртай, 28 цэцэрлэг орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг, 15 цэцэрлэг, 3 сургууль 9 дүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж чадаагүй байна. Мөн цэцэрлэг, сургуулийн 63 багш мэргэжлийн бус, 19 номын санч, нийгмийн ажилтан, туслах багш мэргэжлийн сургалтад хамрагдаагүй, Цөм хөтөлбөрийн агуулга, стандартын бэлтгэл хангаагүй 57 сургууль, цэцэрлэгийн анги, сургуулийн лаборатори, дадлагын газрын бэлтгэл хангаагүй 60 сургууль, цэцэрлэг байжээ.

Түүнчлэн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр нийт 1762 зөрчил илрүүлж, унд ахуйн уснаас 415, хүнсний 485, арчдас 178 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр сургууль, цэцэрлэгийн 8 хувь нь хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах бэлтгэл хангаагүй, 4.6 хувь нь хэсгийн усан хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогоогүй, усыг зөөвөрлөх зориулалтын шаардлага хангасан сав бэлтгээгүй, 6.5 хувь нь “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, гэрээ хийгээгүй, ялангуяа нийслэлд сургуулийн 53 хувь нь зориулалтын бус цайны газартай, 5 хувь нь цайны газаргүй байгаа нь хоол хүнснээс шалтгаалсан хордлого, халдвар гарч болзошгүй нөхцөлийг бүрдүүлж байна.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой албан хаагчид хичээл, сургууль эхлэхээс өмнө 30 хоногийн өмнө үзлэг шинжилгээнд орох ёстой байтал хичээл эхлэх үе, цэцэрлэг, сургуулийн хүүхэдтэй зэрэгцэн шинжилгээ хийлгэж байгаагаас эрүүл мэндийн байгууллагын ачааллыг нэмэх, цаашлаад шинжилгээнд хамрагдахгүй хичээл эхлүүлж, эрүүл эсэх нь тодорхойгүй багш ажилтнууд хүүхдэд үйлчилснээс хоолны хордлого, гэдэсний халдвар, сүрьеэ зэрэг халдвар өвчин тархаах эрсдэлийг үүсгэж байна. Иймд сургуулийн удирдлагууд багш, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг эрт хамруулах, өвчтэй албан хаагч илэрсэн тохиолдолд эрүүлжүүлэх, хөдөлмөр зохицуулалт хийх зэргээр хичээл цаг хугацаандаа, эрсдэлгүй  эхлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ