Очиай Сатоши: Монголд залуучууд цус харвалт өвчинд өртөх нь элбэг байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-10-09 18:03:27
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Жайка” олон улсын байгууллагын Сайн дурын гишүүн, хөдөлгөөн засалч Очиай Сатошитай ярилцлаа. Тэрээр Орхон аймгийн БОЭТ-д хөдөлгөөн засалчаар ажиллаж байгаа юм.


- Та Эрдэнэтэд ирээд хэр удаж байна, яагаад Монголд хөдөлгөөн засалчаар ажиллах болсон бэ?

- Би Японы Осака хотоос ирсэн. Тэнд сумогоор хичээллэдэг монгол тамирчид их ирдэг байлаа. Тэдэнтэй Монголын тухай ярьж монгол хоол, монгол хүн, монгол нутгийн тухай ярьсаар байгаад Монголд ажиллаж, амьдрах хүсэл төрсөн. Ингээд хоёр сар Японд, нэг сар Улаанбаатар хотод монгол хэлний курст сурч Эрдэнэт хотод 2018 оны нэгдүгээр сард ирсэн. Ирээд шууд ажилласан тул монгол хэлийг хурдан сурч байна. Миний мэргэжил хөдөлгөөн засалч. Японд таван жил энэ мэргэжлээрээ ажилласан.

-Монголд хөдөгөөн засалчийн мэргэжил ховор байдаг. Сүүлийн үед л энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байна. Танд энд ирээд ажиллахад бэрхшээл гарч байв уу?

-Би Монголд хоёр жилийн гэрээтэй ирсэн. Ер нь хөдөлгөөн засалч гэдэг нь гэмтлийн, харвалтын, үе мөчний хагалгааны дараах гээд олон төрөлд хуваагдаж эмчилгээ хийдэг. Харин энд би бүх төрлийн хөдөлгөөн заслын эмчилгээ хийж байна. Тэр утгаараа ачаалалтай байдаг. Хүмүүс хөдөлгөөн заслаар өвчин, эмгэгээсээ салж чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Хөдөлгөөн засалч гэхээр ямар эмчилгээ хийдгийг нь мэдэхгүй учир итгэхгүй байх тохиолдол гарч байсан. Бас анзаараад байхад, Японд 60-аас дээш насны хүн цус харвалт өвчнөөр өвчилж байхад Монголд хөгшин, залуугүй харвалтад өртөж байна. Тиймээс ачаалал их байдаг. Мөн би Японд томчуудтай их ажилладаг байсан бол энд тархины саажилттай, гэмтэлтэй хүүхдүүдэд эмчилгээ хийж байна.

-Цус харвалтын дараах нөхөн сэргээлт гэж бий. Монголд энэ эмчилгээг үл ойшоох, дутуу хийлгэх тохиолдол цөөнгүй байдаг юм билээ. Олон улсад цус харвалтаас үүдэж тахир, дутуу болох ёсгүй гэж үздэг гэсэн.  Японд ямар байдаг вэ?

-Харвалтын дараа нэг сарын хугацаанд маш сайн эмчилгээ хийх хэрэгтэй. Японд цус харвасны дараа 2-3 сар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийдэг. Харин энд би өдөрт 14-15 хүнд үйлчилж нэг хүнд 15-20 минут зарцуулж байна. Ялангуяа түнх, өвдөгний үе сольсон, цус харвалт, тархины саажилттай хүнд эмчилгээ хийж байна.

-Хөдөлгөөн заслын эмчилгээнд төрөл бүрийн дасгал хөдөлгөөн орох байх. Техник хэр шаардагддаг вэ?

-Хөдөлгөөн заслын гол эмчилгээнд булчин, гар хөлний сунгалт, хүчний дасгал багтдаг. Жишээ нь тархины цус харвалттай хүн хөл, гарны сунгалт, босох суух дасгал хийх бол нурууны гэмтэлтэй хүнд биеийн зөв байрлал, суух босохдоо зөв байх, хөлний болон булчингийн сунгалт чухал байдаг.

- Япончууд бүх нийтээрээ дасгал хөдөлгөөн хийдэг. Монголд харин ийм дадал сайн суугаагүй л дээ.

-Анзаараад байхад монголчууд дасгал, хөдөлгөөнийг их бага хийдэг юм байна. Японд 1928 оноос радио тайсо буюу радио гимнастикийг хийж эхэлсэн. 90 жилийн турш япончууд хийж байна. Ая нь нэг л янзаараа. Дасгал хөдөлгөөн нь ч тэр. Нийт 13 хөдөлгөөнт гимнастик хийдэг. Өглөө сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд бүгд хийдэг. Харин монголчууд дасгал яагаад чухал вэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ойлгоогүй учир дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь бага байна. Япончууд радио гимнастикаа хийхэд тухайн өдрийнхөө  хөдөлгөөний дутагдлаас бүрэн сэргийлж чадна гэж үздэг.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ