Эмх замбараагүй байдлын улмаас амссан хохирол 357 сая ам.доллароор үнэлэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-08 12:32:58

ХОНКОНГ /СЯНГАН/. /South China Morning Post/. Сүүлийн зургаан хоногийн хугацаанд Хонконгт олныг хамарсан эмх замбараагүй байдал үүссэний улмаас учирсан эдийн засгийн хохирол 2.8 тэрбум хонконг доллар буюу 357 сая ам.доллароор үнэлэгдэж байна.


Шинжээчдийн тооцоолж байгаагаар, жижиглэн худалдаа, тээврийн салбар хийгээд зоогийн газар, зочид буудал зэрэг бизнесийн салбарт учирсан хохирол өнгөрсөн гурван хоногт 1.9 тэрбум хонконг долларт хүрсэн байна. “Geo Securities” санхүүгийн компанийн гүйцэтгэх захирлын цохон тэмдэглэснээр, Хонконгийн метроны оператор болох МТR компанид 500 сая хонконг долларын хохирол учирсан байж магадгүй байна. Баасан гарагийн орой олныг хамарсан эмх замбараагүй байдал, эвдэн сүйтгэх ажиллагаа болсны дараа Хонконгийн метроны хөдөлгөөнийг түр зогсоосон юм.


Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдод баг өмсөхийг хориглох шийдвэр гаргасны дараа баасан гарагийн орой олныг хамарсан эмх замбараагүй байдал дахин дэгдсэн юм. Жагсагчид замуудыг хааж, дэлгүүрүүд, Засгийн газрын байрууд болон метронд эвдэн сүйтгэх ажиллагаа явуулж, галдан шатаасан байна. Тэд мөн эмх журам сахиулагчид руу шатамхай бодис бүхий шил шиджээ.


Эмх замбараагүй байдал, замын түгжрэл үүссэний улмаас худалдааны төвүүд, дэлгүүрүүд, зоогийн газрууд хаалгаа барьж, зочид буудлууд үнээ огцом бууруулсан хэдий ч захиалгууд 95-50 хувь болтлоо буурсан байна. 

Холбоотой мэдээ