АТГ-ын шалгасан хэрэг гурав дахин өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-08 10:00:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан Хонконгийн Авлигын эсрэг бие даасан хорооны дэд дарга асан, Олон улсын авлигын эсрэг зөвлөх Тони Квокийг энэ сарын 7-нд хүлээн авч уулзав.


Уулзалтаар Азийн хөгжлийн банк (АХБ)-наас хэрэгжүүлэх “Монгол Улсын авлигатай тэмцэх чадавхыг сайжруулах техникийн туслалцааны төсөл”-ийг хамтран үр дүнтэй хэрэгжүүлэх боломж, арга замын талаар ярилцлаа.


АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан, "Манай байгууллага авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлэг авах, шалгах үндсэн чиг үүрэгтэй. Мөрдөн шалгаж буй хэргийн тоо ч байнгын өсөлттэй байна. Тухайлбал, 2018 оны жилийн эцсийн байдлаар 1224 холбогдогчтой 1138 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3 дахин өссөн үзүүлэлт юм” хэмээв.


Олон улсын авлигын эсрэг зөвлөх Тони Квок “Монгол Улсын авлигатай тэмцэх чадавхыг сайжруулах техникийн туслалцааны төсөл”-ийн гүйцэтгэгч багийн зөвлөх ахлагчаар томилогдсон бөгөөд цаашид үр бүтээлтэй, харилцан ашигтай хамтран ажиллана гэдгээ онцолсон юм.

Холбоотой мэдээ