Ази гаралтай америкчууд өндөр боловсролтойд тооцогддог

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-04-12 11:10:38

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын иргэдийн дотроос хамгийн өндөр орлоготой бөгөөд хамгийн богино хугацаанд өсөн дэвжиж буй хүмүүс бол ази гаралтай америкчууд ажээ.

Тэд боловсролын хувьд Америкийн бусад иргэдээс давуу болохыг АНУ-ын Хүн ам тооллогын товчооноос гаргасан судалгаа харууллаа. АНУ-д амьдардаг Ази тивээс гаралтай хүмүүсийн талаас илүү буюу 54 хувь нь наад зах нь бакалаврын зэрэг хамгаалсан байгаа нь 1995 онд 38 хувь байснаас эрс ахисан үзүүлэлт юм. Үүнийг АНУ-ын нийт хүн амын 33 хувь нь коллеж төгссөнтэй харьцуулбал харьцангуй өндөр үзүүлэлт мөн.

АНУ-д төрсөн ази гаралтай америкчууд нь Азийн бусад орнуудад төрж өссөн цагаачидтай нэгэн адил өндөр боловсролтой болохыг Хүн ам тооллогын товчоо судалгаа хийн тогтоожээ.

Азийн орнуудаас ирж байгаа өндөр боловсролтой цагаач иргэдэд ээлтэй ханддаг АНУ-ын цагаачлалын бодлого нь дээрх үзүүлэлтэд нөлөөлсөн болохыг шинжээчид онцолж байна.

"Мэргэжлийн ур чадвар олгох, сургалт явуулах зэрэг цагаачлалын давуу талыг ашиглан ази гаралтай америкчууд 1965 оноос эхлэн АНУ руу цуврах болсон. Эдгээр хүмүүсийн ихэнх нь хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулалт хийх чадахуйц түвшний боловсрол эзэмшиж, мөнгө санхүүгийн тодорхой эх үүсвэртэй болсон байдаг" гэж Калифорнийн их сургуулийн дэд профессор Элиза Нох ярьж байна.

Алс Дорнод, Зүүн Өмнөд Ази болон Энэтхэгээс ирсэн ази гаралтай америк цагаачид болон тэдний үр удам АНУ-ын хүн амын 6 хувийг бүрдүүлж байгаа бол тэдний ихэнхийг Хятад, Филиппин, Энэтхэг, Вьетнам, Солонгос, Япон гаралтай хүмүүс эзэлж байна.

Эдгээр өндөр боловсролтой цагаачид нь хүүхдүүдийнхээ хичээл сургуульдаа амжилт гаргахын үндэс суурь болсон сургалт болон коллежийн бэлтгэл курс зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах “үндэстний баялаг”-ийг бий болгожээ.

Д.Нямтулга

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ