Завханы боловсрол, соёл, урлагийн түүхийг нэгтгэж ном бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-07 22:54:07

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Боловсрол, соёл урлагийн газар түүхэн 60 жилийн ойгоороо “Боловсрол, соёлыг түүчээлсэн бүтэн жарны түүх” нэртэй түүхэн замналын ном бүтээн хэвлүүлжээ.

Тус номонд Завхан аймгийн ерөнхий боловсролын 29 сургууль, 40 цэцэрлэг, 23 соёлын төв, соёл урлагийн гурван байгууллага, мэргэжлийн дөрвөн сургуулийн түүхийг анх удаа нэгтгэн бичиж салбарын хэмжээнд түүхийн нэг номтой болжээ. Өмнө нь сургууль, цэцэрлэг, соёлын байгууллага бүр өөр өөрийн нэг номтой байсан бол энэ ном нь Завханы соёл, урлаг, боловсролын түүхийг нэгтгэснээрээ онцлог боллоо.

Өнөө цагт цахим хурдацтай хөгжиж нэг дороос мэдээллийг шүүрддэг болсон цагт дээрх ном нь цаг үеэ олсон томоохон түүхийн бүтээл болж чадлаа. Номыг эмхэтгэж, редакторлах, бичих хэвлүүлэх гээд 60 гаруй хүн оролцож хамтран бүтээлээ. Энэ номыг 400 гаруй ширхэгийг хэвлүүлж боловсрол, соёл, урлагийн газрууддаа тараасан байна. Мөн манай байгууллага түүхэн ойдоо зориулж хичээлийн судалгааны үндэсний эксперт, зөвлөхүүдийн тодорхой шалгуурт тэнцсэн шилдэг 60 илтгэлээс 48 шилдэг өгүүлэл, илтгэлийг эмхэтгэж ном бүтээлээ. Энэ ном нь багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдэвтэй 2013-2018 оны онол практикийн үндэсний бага хурлуудад манай аймгаас оролцсон 179 шилдэг илтгэлээс түүвэрлэсэн бүтээл юм. Мөн “Багшлах арга зүй I, II, III нэртэйгээр Завханы 120 шилдэг багшийн сургалтын хөтөлбөрийг мөн эмхэтгэн хэвлээд байна хэмээн аймгийн БСУГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ