Японы Шизүока муж Монголоос ажилтан авах уулзалт болж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-10-07 15:06:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Шизүока мужийнхан тус улсад ажиллах хүч авах хөдөлмөрийн яармагийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна.

Дээрх зорилгоор өнөөдөр “Корпорейт конвеншн төвд зохион байгуулж буй хоёр орны бизнес уулзалтад оролцохоор дээрх мужаас 20-иод компани, ААН ирээд байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Японы Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Яно Хиронори тэргүүтэй Шизүока мужийн албаны хүмүүс, хүний нөөцийн компани, тус мужийн 50 мянга гаруй гишүүнтэй ЖДҮ-ийн холбооны удирдлага, хувийн хэвшлийн төлөөлөл 30 гаруй хүн айлчилж байна.

Уулзалтын талаар хөдөлмөрийн яармагийг Монголын талаас зохион байгуулж буй Эрдмийн их сургуулийн дэргэдэх Олон улсын судлалын төвийн захирал П.Ганхуягтай уулзвал, “Японы Шизүока муж Монгол Улсаас өндөр мэргэжлийн ажиллах хүч авах уулзалт болж байна. Энэ нь Японы томд орох, олон талын харилцаатай томоохон муж. Та бүхэн сайн мэдэж байгаа байх, 2020 оны Токиогийн олимпод оролцох манай тамирчдыг хүлээн авч үнэ төлбөргүй бэлтгэл хангуулж буй буянтай газрын нэг юм.

Миний бие 9 жилийн өмнөөс, Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа энэ мужтай холбоо тогтоож байв. Тэр үед харилцааг зөвхөн нэг аймгаар хязгаарлахгүй Монгол Улстай бүхэлд нь харилцаач гэсэн санал тавьж байсан. Түүний нэг үргэлжлэл нь өнөөдрийн энэ үйл ажиллагаа болж байна” гэв.

Тэрээр, “Манайд их, дээд сургууль төгссөн, өндөр мэргэжилтэй, инженер техникийн залуучууд олон байна. Гэтэл Японд ийм мэргэжлийн хүмүүс дутагдаж байна. Ингэхдээ монголчуудаа гадаадад гаргахдаа гол нь бус, тэнд очоод техник, технологи сураад ирэх, буцаад эх орондоо хүн хүч, мэргэжлийн томоохон хөрөнгө оруулалт болно гэдэг үүднээс бид энэхүү ажлыг хийж байна” гэв.

Хамгийн гол нь Шизүока мужаас Монгол ажилчдыг авч ажиллуулах тохиолдолд япон хүнийг ажилд авдагтай адил шаардлага нөхцөлтэй, япон хүний хийдэг ажлыг гүйцэтгэж, адил цалин хөлс авч, хөдөлмөрийн болон амьдрах ахуйн нөхцөлөөр бүрэн хангагдахыг тус мужийн төлөөлөгч Катсухиро Хашимота хэлж байна.

Тэрээр хэлэхдээ, “Манай Япон улсад яг өнөөдрийн байдлаар гадаад улсуудаас өндөр мэргэжлийн, инженер-техникийн ажилтан ажилчид авч ажиллуулах хэрэгцээ их гарч ирж байна. Энэ утгаар гадаадаас ажиллах хүч авах ажлыг зохион байгуулж байна. Бид энэ удаа Монголоос 20-30 хүнийг авч ажиллуулах сонирхолтой ирсэн” гэдгээ тодотгов. Япон хүн их, дээд сургууль төгсөөд анх ажилд ороход цалин нь 200-250 мянган иенээс эхэлдэг. Монгол залуучууд тэр хэмжээний гарааны цалин авах аж.

Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, “Өнөөдрийн уулзалтад оролцож буй Японы 10-аад компанийнхан монгол залуустай ямар нэг зуучгүйгээр шууд харилцан ярилцаж, санаа нийлсэн тохиолдолд шууд ажиллахаар тохирч байна. Нэг компани гэхэд 2-3 хүнийг сонгож байна гэхээр нийтдээ 30-40 монгол залуу Япон явахаар болж байна. Энд гарч буй зардлыг мужийнхан гаргаж, ийнхүү өөрсдийн санаа санаачилгаар Монголд ирэн Монгол залуусыг ажилд авч байна” гэсэн юм. Монгол залуучууд Японы Шизүока мужид очиж ажиллахад япон хэлний мэдлэг шаардагдана. Сонгосон залуусыг хэлний бэлтгэлд давтан сургах аж.



Уулзалтад Японоос “Paron”, Kitagawa Kogyo, “Business Brauin Showa Ota”, “Seiwa corporation”, “Hatachi kako”, “Machda foods” зэрэг компани оролцож байна.

“Корпорейт конвеншн төвд өнөөдөр эхэлсэн Монгол, Япон улсын Шизүока мужийн бизнес уулзалт буюу хөдөлмөрийн яармаг уулзалт ярилцлага маргааш үргэлжилнэ.



Б.Болд

Гэрэл зурийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ