Назарбаев: Иран-Казахстаны хамтын ажиллагаа улам өргөжинө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-12 10:17:40

ТЕГЕРАН. /IRNA/. Хориг арга хэмжээг цуцалснаар Иран-Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэж Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хэллээ.

Тэрбээр өчигдөр Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай хамт мэдэгдэл хийсэн байна.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш бидний харилцаанд ямар ч асуудал гараагүй бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааг Казахстан үргэлж дэмжихэд бэлэн байдаг гэж Назарбаев мэдэгдээд, Роуханитай олон асуудлаар ажил хэрэгч хэлэлцээ хийснээ дурджээ.

Мөн тэрбээр "айлчлалын үеэр эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хоёр тэрбум долларын өртөг бүхий 66 баримт бичигт гарын үсэг зурсан" гэж мэдэгдсэн байна. Иран, Казахстан, Туркменистаныг холбосон төмөр зам тавих зардлын талаар хоёр орны тэргүүн нар мөн хэлэлцжээ.

Харин бүс нутгийн тулгамдсан асуудал болох терроризмтой тэмцэх асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон гэдгээ Назарбаев дурдаад "терроризмыг лалын шашин болон лалын шашинт улс орнуудаас ангид үзэж, ийм үзэгдэлтэй хамтран тэмцэх хэрэгтэй" гэж мэдэгдэв.

Тэрбээр Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханиг Казахстанд албан ёсны айлчлал хийхийг урьсан байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ