Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-07 09:36:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Баянзүрхийн шинэ гүүрний ажлын явцыг өнгөрсөн амралтын өдөр шалгалаа.

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүлсэн. Шинээр барьж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замд Туул гол дээгүүр байрлах юм.

Энэ үеэр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, “Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. Энэ гүүр нь 281 м урттай, 21 м өргөнтэй, хоёр талдаа явган болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсний дагуу ажил явж байна. Маргаашаас асфальтан хучилт эхэлнэ” гэсэн мэдээллийг өгөв.

Хотын Захирагч гүүрийн ажлыг төлөвлөсөн хугацаанд чанар стандартын дагуу аюулгүй байдлыг бүрэн ханган хийж гүйцэтгэхийг анхааруулж, холбогдох албан тушаалтнуудыг энэ талд анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм.

Баянзүрхийн гүүрийг Монголд анх удаагаа дам нуруу нь үргэлжилсэн цутгалттай, төмөрбетон хийцээр барьж байгаа аж. Шинэ гүүрийн хөдөлгөөнийг Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын нээлттэй зэрэгцэн нээхээр төлөвлөжээ. Энэхүү гүүрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч, хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах ач холбогдолтой юм. 




Холбоотой мэдээ