Малын хулгайчид оногдуулах ялыг чангатгах хуулийн төсөл өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-05 09:54:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр буюу энэ сарын 04-нд өргөн барилаа.


Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд 8-аас дээш тооны бод, 24-өөс дээш тооны бог хулгайлбал хүндрүүлэх нөхцөлд тооцож хорих ял, бусад тохиолдолд хорихоос өөр төрлийн ял оногдуулдаг болсон байна. Тодруулбал, 8-аас доош бод, 24-өөс доош тооны бог хулгайлсан тохиолдолд нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан. Мал хулгайлсан гэмт хэрэгтэнд оногдуулах ялын хэмжээг бууруулснаас гэмт хэрэгтэн ял завшиж, улмаар энэ төрлийн гэмт хэрэг өсөх шалтгаан болж байна хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

 

Тиймээс нэмэлт, өөрчлөлтийн төсөлд доорх өөрчлөлтүүдийг тусгасан байна. Үүнд:


1. Эрүүгийн хуулиар болон Зөрчлийн тухай хуулиар мал хулгайлсан гэмт үйлдэлд оногдуулах хариуцлагын хэмжээг зааглаж өгнө. Ингэхдээ бусдын малыг хулгайлсан этгээдэд захиргааны бус эрүүгийн хариуцлага ногдуулахаар заасан байна.


2. Хүндрүүлэх нөхцөлтэйгээр бусдын малыг хулгайлсан бол хорихоос өөр төрлийн ял оногдуулдаг байдлыг өөрчилж, малын хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлийг илүү тодорхой болгож, ялыг ялгамжтай ногдуулах эрх зүйн үндэслэлийг тогтоосон байна.


3. Мөн “олон тооны мал” гэж хавтгайруулж заасныг хасахаар тусгажээ.


4. Зөрчлийн тухай хуульд “Бусдын малыг хулгайлсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 240-250 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 7-30 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэсэн 8.6 дүгээр зүйлийг нэмэхээр төсөлд тусгажээ.


Түүнчлэн малын хулгайн гэмт хэрэг, зөрчлөөс учирсан хохирлыг барагдуулах хуулийн зохицуулалтыг бий болгох юм байна. Хуулийн төслийг баталснаар мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчинд дэвшил гарч, эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх орчин нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж буй юм.

Холбоотой мэдээ