Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа.
Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга
өнгөрсөн сарын 20-нд хориг тавьсан. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол
Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь Монгол Улсын Үндсэн хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагыг хангаагүй хэмээн үзсэн
юм. Өчигдөр буюу энэ сарын 3-нд УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн хоригийг
хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд буй юм. Түүнчлэн УИХ-ын Төрийн байгуулалтын
байнгын хороо хоригийг дэмжсэн бол Хууль зүйн байнгын хороо хүлээн авахаас
татгалзсан байна.
Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоригийг
танилцууллаа. Танилцуулгад, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл
ажиллагааг хууль зүйн зөрчил маргаангүй явуулбал зохих талаар миний бие энэ оны
зургаадугаар сарын 11-нд Е/37 дугаар албан бичгээр УИХ-д анхааруулсан боловч үл
ойшоон, хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийг илэрхий зөрчсөн байдлаар Үндсэн
хуулийн асуудалд хандсаныг хүлээн зөвшөөрөх аргагүй. Хууль ёсыг чанд баримталж,
нийгмийн зөвшилцөл, ойлголцлын хүрээнд явуулах ёстой Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийн асуудалд нэг нам хүч түрэмгийлэн, дур зоргын байдлаар хандах нь
сайн зүйл авч ирдэггүйг 2000 оны нэмэлт, өөрчлөлтүүд харуулсан. Монгол Улсын
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль бий. Энэ хууль Үндсэн
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой харилцааг нэг бүрчлэн зохицуулсан,
чандлан мөрдвөл зохих хууль болсон. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах үйл ажиллагааг энэ хуульд бүрэн нийцүүлж, хууль зүйн зөрчил,
маргаангүйгээр шийдвэрлэх нь зүй ёсны шаардлага болно. Харамсалтай нь УИХ-ын 73
дугаар тогтоолоор баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь дээрх
хуулийг илэрхий зөрчсөн байдалтай байна” гэжээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд урт хугацаа зарцуулж боловсруулан, УИХ-аар
эхний хоёр хэлэлцүүлэг хийсний эцэст хэлэлцүүлгийг зогсоож болохгүй гэсэн
санал хэлж байлаа. Тухайлбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд байгалийн
баялгийн үр өгөөжийг олон нийтэд тэгш хуваарилах талаар заалт туссан. Тиймээс үүнийг
Ард нийтийн санал асуулгаар батлах нь зөв гэсэн саналыг УИХ-ын гишүүн
О.Батнасан хэллээ. Түүнчлэн УИХ-ын хариуцлагыг сайжруулах, төсвийн хараат бус
байдлыг дээшлүүлэх, хотуудын эрх зүйн байдлыг тодорхойлох олон заалт орсон тул
Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ёстой гэдгийг
Т.Аюурсайхан гишүүн онцлов.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “2000 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн
төслийг баталсны дараа Үндсэн хуулийн цэцээс төслийг ард түмнээр хэлэлцүүлээгүй
нь буруу гэсэн дүгнэлт гаргаж байсан. Уг сургамжаас үндэслээд Ард нийтийн санал
асуулга явуулахаар болсон” гэлээ.
Ийнхүү санал хураахад гишүүдийн 35.8 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэн юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ гэсэн заалттай. Тодруулбал, гишүүдийн гуравны нэгээс дээш хувь нь дэмжсэн тул Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч буй юм.