Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, Солонгосын нэгдлийг хангахад Монгол Улсын үүрэг оролцоо

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-10-04 15:54:27

Дэлхий ертөнц дээр даяаршлын үйл явц эрчимтэй өрнөж, улс орнуудын хоорондын харилцан хамаарал улам бүр хүчтэй байна. Энэ үйл явцад монголчууд бид татагдан орж байгаа нь жам ёсны хэрэг юм. Ялангуяа манай улс хамаарагддаг Зүүн Хойд Азийн бүс нутаг дэлхийн халуун цэгүүдийн нэг болж хувирсан өнөө үед тус бүс нутагт цөмийн дайн дэгдэх аюулаас урьдчилан сэргийлэх асуудал нь бидэнд ихээхэн хамаатай билээ.


Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдал, хоёр Солонгосын эргэн нэгдэх боломж зэрэг асуудлуудыг хэлэлцдэг иргэний нийгмийн байгууллагуудын чухал механизм, суваг болж яваа “Улаанбаатарын олон улсын дугуй ширээний ярилцлага” /UB International Roundtable/ нь 2018 оноос хойш жил бүр болж байгаа бөгөөд даваа гарагт болсон энэ удаагийн арга хэмжээг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын тэргүүлдэг “Цэнхэр сүлд” ТББ болон Дэлхийн энх тайвны сан, “Нэгдмэл Солонгосын төлөөх үйл ажиллагаа” /Action for Korea United/ байгууллага,  “Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум” ТББ хамтран 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

  •    “Цэнхэр сүлд" бол Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусыг таниулан сурталчлах, уг статусыг олон улсын хэмжээнд бэхжүүлэх талаар төр засгийн удирдлагад зөвлөгөө өгөх, цөмийн аюулаас ангид гадаад таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн Монгол Улсын төрийн бодлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор 2005 онд байгуулагдсан төрийн бус байгууллага /ТББ/ юм . 
  • ·   2009 онд байгуулагдсан АНУ-ын нийслэл Вашингтонд төвтэй “Дэлхийн энхийн сан” бол орон нутаг, улс орон ба бүс нутгийн хэмжээнд тогтвортой энх тайван, хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн санаачилгуудыг хөхиүлэн дэмждэг олон улсын ашгийн бус байгууллага юм.
  • ·   2012 онд байгуулагдсан “Нэгдмэл Солонгосын төлөөх үйл ажиллагаа” /Action for Korea United/ нь өдгөө эгнээндээ 1000 орчим байгууллагыг нэгтгэсэн иргэний нийгмийн байгууллагуудын хамгийн том холбоо болжээ. Тус холбоо Солонгосын хойг дахь нэгдлийн үйл явцыг урагшлуулах, нэгдмэл Солонгосыг байгуулах суурь зарчмуудын талаар умард солонгосчууд, өмнөд солонгосчууд ба гадаадад амьдарч буй үндэс угсаа нэгтнүүдийн дунд зөвшилцлийг бий болгох зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.
  • ·   “Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум” нь Солонгосын хойгт энхтайван, тогтвортой байдлыг бий болгох, Солонгосын нэгдлийг дэмжих талаар Монголын иргэний нийгмийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор 2015 онд байгуулагджээ.  

Улаанбаатарын олон улсын дугуй ширээний ярилцлагын /UB international roundtable/ явцад, нэгдүгээрт, хоёр Солонгосын нэгдэл, хоёрдугаарт, Зүүн Хойд Азийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох, гуравдугаарт, тус бүс нутагт энхтайвныг тогтоох арга зам гэсэн үндсэн 3 асуудлыг хэлэлцсээр иржээ. Эдгээр асуудал нь хоорондоо нягт уялдаатай бөгөөд тодруулж хэлбэл, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахгүйгээр, хоёр Солонгос улсыг тайван замаар нэгтгэхийг дэмжихгүйгээр Зүүн Хойд Азид энхтайван хэзээ ч тогтохгүй, бүс нутгийн аюулгүй байдлын асуудал мөнхийн эмзэг сэдэв байх болно. Ийм нөхцөлд хөгжил дэвшлийн тухай ярих боломжгүй билээ.


Эдгээр гурван асуудлыг улс төрийн хүрээнд байнга ярьж хэлэлцдэг боловч талуудын үзэл бодлын зөрүүгээс үүдэн улс төрийн тодорхой шийдэлд хүрэхгүй байсаар өдийг хүрлээ. Ийм учраас төрийн бус байгууллагуудын шугамаар дэлхийн олон нийтийн санаа бодлыг эдгээр асуудалд чиглүүлж, засгийн газруудад, ялангуяа Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрт оролцогч улсуудын шийдвэр гаргагчдын сонорт хүргэж, тэдэнд тодорхой хэмжээгээр нөлөөлснөөр бүс нутгийн орнуудын эрх ашигт нийцэхүйц шийдвэр гаргуулах боломжийг судлах нь Улаанбаатарын олон улсын дугуй ширээний ярилцлагын гол зорилго билээ. Тэр тусмаа сүүлийн үед Зүүн Хойд Азид нөхцөл байдал түргэн өөрчлөгдөж, сөргөлдөгч талууд өндөр дээд хэмжээнд яриа хэлэлцээ хийж буй энэ үед уг арга хэмжээний ач холбогдол улам өссөөр байна.  


Монгол Улсын үүрэг оролцоо ба харьцангуй давуу талууд 


Энэ удаагийн дугуй ширээний ярилцлагад оролцогчид хоёр Солонгосыг энх тайвны замаар нэгтгэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилтыг иргэний нийгмийн байгууллагууд, бүс нутгийн улс орнуудын засгийн газрууд болон гуравдагч талуудын уулзах талбар болоод буй Монгол Улсын үүрэг оролцоотой уялдуулан зохицуулах нь чухал болох талаар харилцан санал бодлоо солилцов.


Дашрамд дурдахад, манай улсын засгийн газар “Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 6 дугаар бага хурлыг энэ оны 6 дугаар сард зохион байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл, 1 дүгээр сувгаар албаны хүмүүс, 2 дугаар сувгаар буюу дугуй ширээний ярилцлагын хүрээнд эрдэмтэн судлаачид асуудлыг хэлэлцдэг гэсэн үг. 

Зөвхөн Д.Трамп, Ким Жөн Ун нар хэлэлцээ хийснээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг шийдвэрлэж чадах уу? Өөр бусад шинэ хандлага, шинэлэг гарц шийдэл бий юү? Хоёр Солонгосыг нэгтгэхэд солонгосчууд өөрсдөө санаачилга гарган манлайлан оролцох нь зүйн хэрэг, гэхдээ эл үйл явцад бүс нутгийн хөрш орнуудын үүрэг оролцоо ямар байх вэ? Зүүн Хойд Ази дахь стратегийн чиг хандлага, бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлс, бүс нутагт энх тайвныг тогтоох арга зам, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явц ба хоёр Солонгосын харилцааны цаашдын дүр зураг гэх мэт олон асуудлаар шинжээчид ярилцсаны дотор манай улсын үүрэг оролцооны тухай сэдэв анхаарал татаж байлаа.


Онцолвоос, Монгол Улс тус бүс нутгийн улс орнуудтай улс төр, эдийн засгийн талаар харилцан хамаарал ихтэй учраас нягт хамтран ажиллахыг эрмэлздэг. Нөгөөтэйгүүр, манай улс эрдэс баялгийн асар их нөөц, мал аж ахуйн түүхий эдээ боловсруулан тээвэр ложистикийн хувьд урд хөршөөрөө зайлшгүй дамжиж байж л дэлхийд гаргахаас өөр сонголтгүй байдаг зэргийг бодож үзвэл.


Монгол Улс хөгжихийн тулд Зүүн Хойд Азийн бүс нутаг тогтвортой тайван байх нь чухал. Нуур амгалан бол нугас амгалан гэж монголчууд ярьдаг. Ийм учраас бүс нутгийн улс орнуудын хооронд харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улс өөрт буй харьцангуй давуу талуудыг ашиглан тодорхой үүрэгтэйгээр оролцох нь цаг үеийн зайлшгүй шаардлага билээ. Эл асуудлыг сонирхогч бусад талуудтай илүү ил тод, илүү ул суурьтай ярилцах үүднээс сүүлийн 6 жилийн хугацаанд Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар мэргэшсэн шинжээчдийг урьж ирүүлэн, Улаанбаатарын дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулж байгаа юм.


Юуны түрүүнд, аюулгүй байдлаа бэхжүүлэх зорилгоор 1990 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, цөмийн зэвсэггүй статусаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүүн болох АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц улсаар хүлээн зөвшөөрүүлж чадан цөмийн зэвсэг хөгжүүлэхгүйгээр улс орныхоо аюулгүй байдлын баталгааг НҮБ-аар батлуулж чадсан Монгол Улсын Засгийн газрын дипломат үйл ажиллагааны туршлага нөгөөтэйгүүр, нэг нам ноёлсон социлист дэглэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ардчилсан нээлттэй нийгэмд тайван замаар шилжиж, улс төр, эдийн засгийн шинэчлэлийг нэгэн зэрэг хийж буй туршлагаа монголчууд хуваалцахад бэлэн байгаа нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хоёр Солонгосын нэгдлийг хангах үйл явцад жинтэй хувь нэмэр болноох боломжтой. Цөмийн зэвсгээс ангид статустай манай улс Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд бүхий л түвшинд идэвхтэй оролцох нь зайлшгүй чухал билээ. Үүний ташрамд, Монголын цөмийн шинжээчид БНАСАУ болон Ираны цөмийн байгууламжуудад  шалгалт хийсэн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчдийн бүлэгт багтан ажиллаж байсныг дурдая.

"Солонгосын нэгдлийн төлөөх үйл ажиллагаа" байгууллагын дарга Интек Сео 


Манай улс Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаарх “Зургаан талт хэлэлцээр”-т оролцогч талууд болох ОХУ, БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, АНУ болон Япон улстай  Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон билээ. Тодорхой хэлбэл, Монгол Улс ба бүс нутаг, дэлхийн тавцан дахь томоохон тоглогчдын хоорондох улс төрийн итгэлцэл өндөр түвшинд хүрсэн нь Зүүн Хойд Азид харилцан итгэлцлийг бэхжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад тус дөхөм үзүүлэх нь дамжиггүй.  


Нөгөөтэйгүүр, Зүүн Хойд Азийн улсуудтай газар нутгийн ямар нэгэн маргаангүй, улс төрийн ямар ч зөрчилдөөнгүй цорын ганц улс бол Монгол бөгөөд манай улс Солонгосын хойгийн талаар ямар нэгэн далд санаа зорилго агуулдаггүй билээ.


Үүний сацуу манай улс БНАСАУ-тай 70 гаруй жилийн турш уламжлалт найрамдалт харилцаатай байж, бие биенээ байнга дэмжсээр ирсэн бол БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын бүхий л салбарт нягт харилцаа тогтоож, ирэх 2020 онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх үеэр хоёр орны харилцааг “Стратегийн түншлэлийн түвшин”-д хүргэх хэтийн төлөв харагдаж байна. Ийм байдлаар Монгол Улс бол хоёр Солонгостой нягт хамтран ажилладаг цөөхөн орнуудын нэг учраас Солонгосын хойгт болж буй үйл явцад оролцогч талууд манай улсаас дэмжлэг авахыг эрмэлздэг.  


Хоёр Солонгосын харилцаа цаашдаа de facto unification гэсэн хэлбэрээр өрнөх  таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд олон улсын хамтын нөхөрлөлийн зүгээс дэмжлэг үзүүлэх нь чухал бөгөөд ингэснээр үйл явцад оролцож буй том гүрнүүдийн нөлөөний хүрээний төлөөх өрсөлдөөн зөөлрөх эерэг талтай гэдгийг “Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум”-ын ерөнхий чиглүүлэгч, доктор Б.Лхагваагийн илтгэлд онцлон дурджээ.


Бүс нутгийн аюулгүй байдал, Солонгосын нэгдлийг хангахад чиглэсэн манай улсын үүрэг оролцоог “Нэгдмэл Солонгосын төлөөх үйл ажиллагаа” /Action for Korea United/ байгууллагын дэд дарга Интек Сео үнэлэн хэлэхдээ, Улаанбаатар хотын нэрийн англи товчлол болох UB гэдгийг unifiyng bridge /нэгтгэгч гүүр/ гэж тайлж уншицгаая гэсэн нь содон сонсогдож байлаа.  


Б.Адъяахүү 

 




 

Холбоотой мэдээ