Багдадад хөл хорих цаг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-03 10:50:06

БАГДАД. /INA/. Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа даамжирч, эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор Иракийн нийслэл Багдад хотод хөл хорих цаг тогтоосныг тус улсын Ерөнхий сайд Адель Абд аль-Махди мэдэгджээ.


Хүчингүй болгох тухай холбогдох мэдэгдлийг гаргах хүртэл хөл хорих цаг хүчин төгөлдөр байх аж.


Иракийн нийслэл хотод жагсагчид олон улсын нисэх онгоцны буудал руу хүчээр дайран орохыг оролдсон бөгөөд аюулгүй байдлын хүчнийхэн нулимс асгаруулагч хий ашигласан гэж хууль сахиулах байгууллагууд мэдээлжээ.


Эсэргүүцлийн жагсаал мягмар гарагт эхэлсэн байна. Жагсагчдыг тараах үеэр хоёр хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтжээ. Харин лхагва гарагт Иракийн нийслэл Багдад хотод төдийгүй бусад мужид эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөн бөгөөд нийслэл хотод 15 орчим хүн шархадсан байна. Жагсагчид иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн асуудлуудыг шийдвэрлэх, авлигатай тэмцэхийг шаардаж байгаа юм. 


Телевизийн  “al-Sumaria” сувгаар мэдээлснээр, Зи-Кар мужид жагсагчдыг тараах үеэр таван хүн амиа алдсаны нэг нь аюулгүй байдлын албаны ажилтан аж. Мөн 50 хүн шархадсан байна.


Багдад хотод аюулгүй байдлын албаныхан Засгийн газрын цогцолбор, дипломат төлөөлөгчийн газрууд оршдог Ногоон бүс рүү хүрдэг гурван гүүрийг хаасан гэж телевизийн “al-Mayadeen” суваг мэдээлсэн байна. Энэ дүүрэгт пүрэв гарагт шилжих шөнө хоёр пуужин унаж, дэлбэрэлт болжээ. Пуужингуудын нэг нь Туркийн Элчин сайдын яамны ойролцоо, хоёр дахь нь аль-Харисийя гүүрний орчимд унасан гэж "Al-Arabiya" суваг мэдээлэв. Одоогоор хүний амь эрсэдсэн болон шархадсан тухай мэдээлэл байхгүй байна. Жагсагчид мөн нийслэл хотын олон улсын нисэх онгоцны буудалд хүрдэг замыг хаажээ.


Иракийн Васит, Зи-Кар мужуудад мөн хөл хорих цаг тогтоосон байна. Нажаф мужид жагсагчид мужийн захиргааны байрыг галдан шатаажээ. Тус мужийн захирагч өмнө нь баривчлагдсан бүх жагсагчийг суллахыг тушаасан гэж “al-Sumaria” суваг мэдээлсэн байна.


Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөнтэй холбоотойгоор Иракийн Ерөнхий сайд аль-Махди Аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулжээ.


Холбоотой мэдээ