Афганистанд үүрэг гүйцэтгэх цэргийн баг жанжин тугандаа хүндэтгэл илэрхийлэв

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-10-02 14:22:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад НАТО-гийн тэргүүлдэг "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгаалалтын ротын Х ээлжийн баг Зэвсэгт хүчний жанжин туганд өнөөдөр хүндэтгэл илэрхийлэв. 

Манай улс анх 2003 онд тус улсад цэргийн багаа илгээж байсан бол өдгөө 16 жил болжээ.

ЗХЖШ-ын орлогч нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат хэлэхдээ, “Ажиллагааны газар оронд цагийн байдал тогтворгүй байгаа ч нэгдсэн удирдлага зохион байгуулалттай, нэгдмэл санаа зорилготой үйл ажиллагаагаараа өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататган Монголын Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөөрэй. Мөн орон нутгийн ард иргэд алба хаагчдад мэргэжлийн ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж үлгэр дууриал болж чадна гэдэгт итгэж байна. Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх хуулиар хүлээсэн үүргийн нэг бол энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал бөгөөд энэ нь улс орныхоо аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх Монгол орноо сурталчлан таниулах цэргийн алба хаагчдынхаа үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой билээ. Удахгүй ажиллагааны газар орныг зорих гэж буй цэргийн багийн бие бүрэлдэхүүний найдвартай ар тал болж сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсөд, найз нөхдөд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээв.

Хамгаалалтын ротын 10 дугаар ээлжийн захирагч дэд хурандаа М.Аюушжав хэлэхдээ “Бид Монгол Улсын цэргийн дээд командлал Зэвсэгт хүчний удирдлагаас даалгасан эрхэм хүндтэй үүрэг даалгаврыг биелүүлэхээр ажиллагааны өмнөх бэлтгэлийг гүйцэтгүүлэх, цагийн байдалд ойртуулах хэлбэрээр явуулж өндөр ачаалалтай бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа. Манай цэргийн баг Зэвсэгт хүчний 37 анги байгууллагын төлөөллөөс бүрдэж ажиллагааны өмнөх бэлтгэлийн явцад бид нэгэн зорилго нэгдмэл санаатай нэг баг хамт олон болон төлөвшиж ямар ч саад бэрхшээлийг даван туулахад бэлэн болж бэлтгэлээ хангаад байна. Цэргийн багийн бие бүрэлдэхүүн бид эх орон ард түмэн Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөн өмнөө тавигдсан ямар ч үүрэг даалгаврыг биелүүлэх болно гэдгээ батлан илэрхийлье” гэв.

Энэхүү үйл ажиллагаанд ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага албаны хүмүүс, цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон тэдний ар гэрийнхэн оролцов. Энэ үеэр энхийг сахиулагчдын ар гэрийнхэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд амжилт хүссэн юм.



 


Холбоотой мэдээ