Үлэг гүрвэлийн олдворуудаа АНУ-аас хүлээн авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-02 12:33:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд Монголын талаас Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-ын талаас Дотоодын аюулгүй байдлын яамыг төлөөлж тус яамны газрын дарга Роберт Бартоло нар  Вашингтон ДиСи хотноо 2019 оны есдүгээр сарын 26-нд гарын үсэг зурсан.

Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай 2016 оноос хойш тасралтгүй хамтран ажилласны үр дүнд АНУ-д хураагдсан Монгол Улсын өв болох протосератоп, тарбозавр, хадрозавр зэрэг үлэг гүрвэлийн олдворууд болон Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн гавлын ясыг буцаан авахаар болоод байна.

Дээрх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар Үлэг гүрвэлийн олдворуудын өмчлөлийн эрх нь Монгол Улсын мэдэлд шууд шилжиж байгаа бөгөөд БСШУСЯ, ЭСЯ-ныхан АНУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж олдворуудыг ойрын хугацаанд багтаан Монголд авчрах юм.

Мөн БСШУСЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг, салбарын мэдээлэл өгөх, зөвлөх үйлчилгээг АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-аар үйлчлүүлж буй иргэдэд зохион байгууллаа гэж БСШУСЯ мэдээлэв.


Холбоотой мэдээ