Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 828 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 4439 төсөвт байгууллагад, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг хамруулжээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.8 их наяд, зарлагыг 7.1 их наяд төгрөг байхаар тусгасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганд танилцууллаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланг Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, УИХ, Засгийн газраас төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга хариуцлагыг сайжруулах, төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх зорилтоо хэрэгжүүлснээрээ онцлогтой гэдгийг тодотгож байлаа.
Тэрбээр, "Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн хэмжээ 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, батлагдсан төлөвлөгөөнөөс 26.6 хувиар буюу 2 их наяд 136.6 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Тухайлбал, уул уурхайн голлох эрдэс бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ болон экспортын биет хэмжээ, татвар төлөгч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого өсөж, нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, НӨАТ-ын орлого биелсэн нь голлон нөлөөлсөн. Төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээ 9 их наяд 317.2 тэрбум төгрөг болсон нь 717.8 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй байна. Энэ нь урсгал зарлагыг 337.7 тэрбум, хөрөнгийн зардлыг 378.1 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээлийн зардлыг 2.1 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулсантай холбоотой" хэмээв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүд Монгол Улсын төсөв анх удаагаа ашигтай гарч, санхүүгийн сахилга бат дээшилж, инфляци ч зорилтот түвшинд хүрч, ажилгүйдлийн түвшин буурч, экспорт өссөн нааштай үр дүнд хүрснийг сайшааж байлаа. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд бодитойгоор хүртээх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой байлгах талаар Засгийн газраас баримталж байгаа бодлогыг тодруулахын зэрэгцээ тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэхийг лавлаж байлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Энэ УИХ Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргаж, төсвийн сахилга батыг бий болгож, эдийн засгаа тогтворжуулсан гавьяатай. УИХ-аас төсвийн тодотгол хийхгүй гэсэн байр суурийг хоёр жил барьсны хүчинд эдийн засгаа босгож чадсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувьд хүрээд байсан өрөө буулгасан. Валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсныг 3.8 тэрбум ам.долларт хүргэлээ. Ингэснээр үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийг тогтвортой байлгахын тулд дунд, урт хугацааны бодлого шаардлагатай. Засгийн газраас өрхийн орлогыг нэмэхэд анхаарлаа хандуулж байгаа" гэлээ.
Тэтгэврийн зээл зургаан сар хүртэл, хоёроос дээш жилийнх гэсэн хоёр шугамтай байдаг. Засгийн газраас 6 сар хүртэлх тэтгэврийн зээлийн жилийн хүү 15 байсныг 12 хувь болгож бууруулсан бөгөөд ирэх оноос 1 хүртэлх жилийн хугацаатай зээлийн жилийн хүүг 10 хувь болгохоор төлөвлөжээ. Харин хоёроос дээш жилийн тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15.6 хувь хүртэл бууруулахаар тохирсон бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 13 хувь болгохоор арилжааны банкуудтай тохироод байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариулав. Мөн тэрбээр, "Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэх бодлого барьж байна. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан тушаалтнуудад удаан жилийн нэмэгдэл олгохоор болсон" гэв.
Ингээд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон байнгын хороодод шилжүүлэв.