Монгол, Чехийн зургаан компани хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-01 17:11:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад айлчилж буй Чех улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн айлчлалын хүрээнд МҮХАҮТ-д өнөөдөр Монгол, Чехийн бизнес уулзалт боллоо.

Уулзалтыг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нээсэн юм. Тэрээр хэлсэн үгийнхээ эхэнд, Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 6 сарын гүйцэтгэлээр 6.8 тэрбум ам.долларт хүрснийг дурдаад, “Дээрх үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.8 хувиар өсөөд байна. Энэ нь 492.3 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Экспорт импортоос давамгайлж, зөрүү нь 1045.2 сая ам.доллароор эерэг гараад байна. Үүнээс 4 сая ам.долларын үнийн дүнтэй худалдааг Чех улстай хийсэн байна” гэдгийг онцолсон юм.


“Манай хоёр орны хамтын ажиллагаа цаашид хөгжихөд БНЧУ-ын дэвшилтэт техник, технологи, ноу-хау чухал хувь нэмэр оруулна. Ялангуяа Монгол Улсад ЖДҮ-ийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй.  Манай орны уул уурхайн салбарт Чех улсын геологи-хайгуулын ажлын туршлага их бий. Үүн дээр тулгуурлан хамтарсан судалгаа хийх бүрэн боломжтой. Мөн Чех улс Европын холбооны гишүүн орны хувьд Монголын 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортод татваргүй гарч нэвтрүүлэхэд хамтран ажиллах боломжтой”-г тэмдэглэн хэлсэн юм.


Манай улс Чех улстай 4 сая ам.долларын худалдаа хийгээд байна


 

Хоёр орны бизнесийн ажил хэргийн уулзалтад БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера, Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродски, Чех улсын Эдийн засгийн Танхимын дэд ерөнхийлөгч Боривож Минаарж, Монгол Улсын талаас ГХЯ-ны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар оролцсон.




Мөн энд айлчлалын хүрээнд манай улсад ирээд буй Чехийн уул уурхай, барилга, технологийн болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, нийт 16 компанийн төлөөлөгч нар, Монголоос 70 гаруй ААН-ийн, нийт 100 гаруй төлөөлөгч оролцлоо. Монголын ААН-үүдийг МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн танилцуулсан бол Чехийн компаниудын төлөөллийг БНЧУ-ын Эдийн засаг, худалдааны танхимын Гадаад харилцааны газрын дарга И.Хансл танилцуулсан юм. 

Уулзалтын үеэр хоёр талаас нийт 6 компанийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Үүнд,

  • Чехийн бизнес эрхлэгчдийн худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих төслийг хэрэгжүүлэх гэрээнд Чехийн Элчин сайд Ийржи Бродски, Монголын талаас уг төслийг хэрэгжүүлэгч И.Сэр-Од нар,
  • Чехийн Эдийн засгийн Танхим, МҮХАҮТ-ын хооронд хамтран ажиллах санамж бичигт Чехийн Эдийн засгийн Танхимын дэд ерөнхийлөгч Боривож Минаарж, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн,
  • Мөн Чехийн Эдийн засгийн Танхим, Монголын Барилгын үндэсний ассоциац хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Чехийн Эдийн засгийн Танхимын дэд ерөнхийлөгч Боривож Минаарж, Монголын Барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар нар,
  • Чехийн “Алфакон” болон Монголын “SICA LLC” компанийн хооронд хамтран ажиллах санамж бичигт “Алфакон”-ы захирал Ф.Тёплый, “SICA LLC” компанийн захирал Б.Лхагважаргал нар,
  • Чехийн “Оспро МБ” болон Монголын “BATA LLC” компанийн хамтын ажиллагааны санамж бичигт “Оспро”-гийн захирал С.Чек, “BATA LLC” компанийн захирал Б.Отгонбаяр нар, мөн БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч, хатагтай Ирина Бартонова Палкова,
  • Монголын “Монфреш комплекс” ХХК болон Чехийн “Ательер Цунами” компанийн хооронд хамтран ажиллах санамж бичигт “Монфреш комплекс” ХХК-ийн захирал С.Энхсайхан, “Ательер Цунами” компанийн захирал Алеш Кртичка нар тус тус гарын үсэг зурлаа.


Бизнес уулзалтын үеэр БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин нар биечлэн уулзсан юм. Энэ өдөр Чех улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн айлчлалын хүрээнд мөн Зайсан дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Прагийн амьтны хүрээлэнгийн захирал М.Бобекийн үзэсгэлэнгийн нээлт болов.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ