Баруун-Урт суманд шинээр 3000 ширхэг мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-01 17:27:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар ойжуулалт орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /ОНӨҮГ/ БНСУ-ын Ногоон хэрэм төсөлд хамрагдаж, таван га газарт тарих 3000 ширхэг модыг буцалтгүй тусламжаар авчээ. Эдгээр модыг аймгийн төвийн зам дагуух ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Баруун-Уртын голын эхийг хамгаалах чиглэлээр тарих аж.

Аймгийн төвөөс Улаанбаатар хот руу гарах зам буюу авто замын пост хүртэлх зам дагуу 1000 ширхэг улиас, 500 ширхэг хайлаас модыг таван эгнээгээр суулгахаар төлөвлөн хашаа хамгаалалтыг засаж байрлуулах ажил эхэлжээ. Мөн Баруун-Уртын голын эхийг хамгаалах чиглэлээр 300 ширхэг бургас, 700 ширхэг хайлаас, 500 ширхэг улиас модыг тарьж ургуулах юм байна. Харин үлдсэн модыг Баруун-Уртын голын хашааны дагуу тарина. Одоогоор бэлтгэл ажлууд хангагдаж байгаа бөгөөд 10 дугаар сарын дундуур тарилтыг хийж, өвөл хөлдөөнө. Ингэж нийт 3000 ширхэг модыг суулгаснаар аймгийн төвийн ногоон байгууламж илүү сэргэж, голын эх ундаргыг хамгаалах, сэргээх ажил хэсэг хугацааны дараа үр дүнгээ өгнө гэж үзэж байгаагаа Сүхбаатар ойжуулалт ОНӨҮГ-ын дарга Г.Идэрмөнх хэллээ.

Аймгийн төвийн ногоон байгууламжийг гурван байгууллага хариуцдаг. "Сүхбаатар ойжуулалт" ОНӨҮГ гэхэд дангаараа 8000 орчим модыг хариуцаж, арчилгаа, усалгааг хийдэг. Тус газраас өнгөрсөн хавар модны нөхөн тарилтуудыг багагүй хийсэн, одоогоор нийт модны ургалт 79 хувьтай гэж БОАЖГ-ын мониторинг судалгаагаар үнэлэгджээ.

Аливаа бүтээн байгуулалтын ажил иргэдийн нүдэнд ил харагдахын хэрээр үр дүн нь тооцогддог. Харин мод тарих ажил үүнтэй адилгүй. Бэлтгэл ажлаа хангасны дараа модоо суулгана, үүний дараагаар дор хаяж 2-3 жилийн хугацаанд арчилж тордож, усалж байж ургалтын үйл явц хүний нүдэнд ил болдог. Тиймээс иргэд аймаг орон нутгийнхаа өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ая тухай орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дор бүрнээ хичээж, тарьсан моддыг хайрлаж хамгаалах хэрэгтэйг албаны хүмүүс хэлж байлаа. 

Холбоотой мэдээ