“Ахмадыг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-01 21:18:00

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээр Ахмадын баярын үйл ажиллагаа Увс аймагт эхэллээ. Тус үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, ахмад буурлууд оролцлоо.

Ахмадууд хөшөөнд цэцэг өргөснийхөө дараагаар аймгийн Бөхийн өргөөнд очиж төрөөс ахмадуудын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг аймаг, сумын удирдлагуудаас сонсож, урлагийн тоглолт үзлээ. Энэ үеэр зарим ахмадыг төрийн болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшуулсан юм. 

Ахмад настны эрүүл мэнд, халамж хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог сайжруулан настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой “Ахмадыг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг Увс аймаг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн ахмадын “Алтан үе” сувиллыг 2017 онд ашиглалтад оруулж, жилдээ 500 гаруй ахмадыг амрааж, сэргээн засах үйлчилгээг үзүүлж байгаа аж. 2018 онд ОНХС-гийн 160 сая төгрөгөөр аймгийн Ахмадын хороог орон байртай болгож, 2019 онд Ахмадын сувиллын өргөтгөл шинээр барьж, цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэн, ахмадын асрамжийн газарт их засвар хийсэн байна. Увс аймгийн хувьд 7 мянга гаруй ахмад настан байгаа бөгөөд үүнээс 3 мянга гаруй нь аймгийн төвд, үлдсэн нь 18 суманд амьдарч байгаа аж. 

“Ахмадыг дэмжих дэд хөтөлбөр”-т тусгагдсаны дагуу 90-ээс дээш настай ахмадуудад хүндэтгэл үзүүлж, ахмадын язгуур урлагийн наадам, баруун бүсийн ахмадын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг тус тус зохион байгуулжээ. Мөн энэ ондоо багтаан Нэгдсэн эмнэлгийн Ахмадын танхимыг 20 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангах бэлтгэл ажлыг хийгээд байна. 

Холбоотой мэдээ