"Найрамдал" цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-09-30 11:32:49

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар төлөвлөж байна. 

Монгол, Хятад хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил, Өмнөговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хот хоорондын хамтын ажиллагааны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Өмнөговь аймаг Баяннуур хотын хамтарсан хөрөнгө оруулалтаар аймгийн төв Даланзадгад хотноо явган хүний зам талбай, ногоон байгууламж бүхий, сагсан бөмбөгийн талбай, сандал сүүдрэвч, гэрэлтүүлэг хашаа хайстай иж бүрэн "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар боллоо. 


1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн худалдааны төлөөлөгчид анх удаа Баяннуур хотод айлчилж, 1990 оны 2-р сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг Баяннуур аймагтай хилийн худалдаа арилжаа анх удаа хийж байсан түүхтэй. Ноосон хүрэм, бөс бараа зэрэг хэдхэн нэр төрлийн барааг цагаан тал дээр солилцож байсан бол эдүгээ 30 жилийн түүхэнд хоёр улсын найрамдалт хамтын ажиллагаа өргөжин хөгжсөөр байна.

Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт хилийн боомтын ажилчдын 24 айлын орон сууцыг Баяннуур хотын хөрөнгөөр барьж байгаа бөгөөд хүйтрэхээс өмнө дуусгаж ашиглалтад оруулах юм.

Холбоотой мэдээ