Амралтын өдрүүдэд гурван дүүрэгт зам хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-28 12:36:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ амралтын өдөр буюу есдүгээр сарын 28, 29-нд нийслэлийн хэд хэдэн дүүрэгт дулааны шугамын шинэчлэлтэй холбоотойгоор замын хөдөлгөөнийг түр хязгаарлана хэмээн Тээврийн Цагдаагийн алба мэдээлэв.

Баянзүрх дүүргийн Монелийн уулзвар, тус дүүргийн Саруул тэнгэр хорооллын урд хэсэг, Баянхошууны тойргоос Жанцангийн буудал хүртэлх замыг түр хаах аж. Иймд жолооч та бүхэн бусдад аюул, осолтой байдал үүсгэхгүй, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.


Нийслэлийн Баянгол дүүрэг: Нэгдүгээр хороо Төмөр замын саадын ар талын туслах авто замыг дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд  энэ сарын 27-ны 23.00 цагаас 28-ны 8.00 цагийн хооронд хаах юм. Энэ хугацаанд дулааны шугам шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх аж.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг: 19 дүгээр хороо, Саруул тэнгэр хорооллын урд хэсгийн 0.3 км авто замыг энэ сарын 28-ны 23.00 цагаас 29-ний 7.00 цагийн хооронд хааж, борооны ус зайлуулах шугамын ажил хийж гүйцэтгэнэ.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг: Монелийн уулзварын авто замыг энэ сарын 28-ны 23.00 цагаас 29-ний 7.00 цагийн хооронд хааж, дулааны шугам шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх юм.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг: Наймдугаар хороо буюу Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг энэ сарын 28-ны 23.00 цагаас 29-ний 7.00 цаг хүртэлх хугацаанд бүрэн хаана. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд Хувьсгалчдын гудамжны автозамын сэтэлгээ, гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэх аж.

 


Холбоотой мэдээ