Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-09-27 14:35:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож үг хэлжээ.


Хүн төрөлхтөнд цөмийн зэвсгийн учруулж буй аюул занал, цөмийн зэвсгийг бүрэн устгах зайлшгүй шаардлагыг олон нийтэд таниулах зорилготой Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил бүр тэмдэглэж байна. Энэ жилийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы дарга Тижжани Мухаммад-Банде, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес, гишүүн орнууд, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.


Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлсэн үгэндээ цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэсэн байна. Цөмийн зэвсэггүй бүсийг байгуулах нь зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг бүрэн устгах үр дүнтэй арга зам бөгөөд манай улс цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн нь энэхүү үйлсэд оруулж буй тодорхой хувь нэмэр, хүчин чармайлтыг илэрхийлж байгааг онцолжээ.


Нью-Йорк хотноо ирэх онд болох Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (NPT)-ний хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурлын хүрээнд болох “Цөмийн зэвсэггүй бүсүүд болон Монгол Улс” 4 дүгээр бага хурлын үндсэн зохицуулагчаар манай улс ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ