Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлсэн иргэний хэргийн тоо 56 хувиар буурчээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-27 10:14:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Давж заалдах шатны шүүх энэ оны эхний гурван улиралд  нийтдээ 47 иргэний хэрэг, 16 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад иргэний хэрэг 56,4 хувиар, эрүүгийн хэрэг 38,4 хувиар тус тус буурсан үзүүлэлт аж.

Давж заалдах шатны шүүхээр хянагдсан иргэний 47 маргааныг төрлөөр нь авч үзвэл худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой хоёр, зээлийн гэрээтэй холбоотой дөрөв, түрээсийн гэрээтэй холбоотой нэг, эд хөрөнгийн хохирол нэг, иргэний эрх зүйн бусад  маргаан 10, ажиллаж байсан байдлыг тогтоосон гурав, ажлаас үндэслэлгүй халагдсан 13, цалин хөлс, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын тухай маргаан дөрөв, хөдөлмөрийн хуулиар шийдвэрлэх бусад маргаан хоёр, газрын маргаантай холбоотой нэг хэргийг тус тус хянажээ.

Харин эрүүгийн хэргийн хувьд хүнийг алах, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, залилах, мал хулгайлах, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг тус бүр хоёр, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид гаргасан прокурорын эсэргүүцэл хоёр, бусдын эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол учруулсан,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тус бүр нэг хэргийг хянасан байна.  

Холбоотой мэдээ