Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг ирэх сард зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-28 14:24:44
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хааж бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, цэргийн гэрээт албанд элсүүлэх ажлыг ирэх сарын 1-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.
Аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын нэгдсэн уулзалтыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб хийлээ. Аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, БСУГ, сумын Эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч, багийн Засаг дарга нарын зэрэг 300 гаруй хүн тус уулзалтад оролцжээ.
Мөн үеэр Эрүүл мэндийн газар аймгийн хэмжээнд цэргийн насны залуусын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр сүүлийн зургаан сарын хугацаанд хийсэн ажлаа, Нэгдсэн эмнэлэг цэргийн насны залуусын суурь өвчлөл, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан байна.
2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт 1174 залуу хамрагдсанаас 152 нь тэнцжээ. Цэргийн насны залуусын дунд шүд, амны хөндийн өвчлөл өндөр хувьтай, арьс, БЗХӨ, дотрын өвчлөл ч багагүй тоогоор бүртгэгдсэн байна.
Өргөтгөсөн хурлаар цэргийн насны залуусын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сүүлийн зургаан сарын хугацаанд хийсэн ажлын тайланг БСУГ хийсэн бол цэргийн жинхэнэ алба хааж хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авч, тэднийг аймгийн ХХҮГ, Политехникийн коллеж, ажил олгогч нартай хамтран ажлын байранд зуучлах, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар мөн зөвлөлджээ.
Холбоотой мэдээ