Венесуэл газрын тосныхоо нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-26 13:03:47

КАРАКАС. /Reuters/. Венесуэлийн төрийн өмчит PDVSA компани Куба улсад хийх газрын тосныхоо нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. АНУ хориг арга хэмжээ авсны улмаас Куба улс сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд түлшний ноцтой хомсдолтой тулгараад байгаа юм.


Энэ долоо хоногт нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц Венесуэлийн боомтоос гарчээ. Нефть тээвэрлэгч хөлөг онгоцнуудынхаа дийлэнхийг “PDVSA” компани түлш экспортлоход ашиглах бодолтой байгаа аж. Хориг арга хэмжээтэй холбоотойгоор “PDVSA” Кубад хийх газрын тосныхоо нийлүүлэлтийг хэд хэдэн удаа нэмэгдүүлж байсан юм.


“Сүүлийн хоёр долоо хоногийн турш түлшний нийлүүлэлт тасалдах болсон нь эдийн засгийн хэд хэдэн салбарт ноцтой нөлөө үзүүлж байна. Хаванад шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж байна. Ийм нөхцөл байдал үүссэн нь Куба, Венесуэл, Никарагуа улсын эсрэг АНУ-ын үйлдэж буй түрэмгийлэл нэмэгдэж байгаагийн үр дагавар юм” хэмээн Куба улсын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель мэдэгдсэн байна.


АНУ Венесуэлийн “PDVSA” компанийн эсрэг 1 дүгээр сарын 28-нд хориг арга хэмжээ авсан юм. 

Холбоотой мэдээ