Ерөнхий сайд Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-25 15:49:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 24-нд Мөрөн суманд ажиллах үеэрээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.

Энэ үеэр тус эмнэлэгт нэн шаардлагатай байгаа зөөврийн дефибрилятор, дуслын автомат шахуурга, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, шээсний анализатор, хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, цахилгаан соруурын аппарат зэрэг 10 гаруй нэр төрлийн 20 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Нэгдсэн эмнэлэг нь 1500 орчим эмч, ажиллагсадтай бөгөөд 135 000 орчим хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэдэг байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хөвсгөлчүүдийн өмнө хамгийн их тулгамдсан асуудлын нэг болох 100 ортой хүүхдийн эмнэлэг барих хөрөнгийг ирэх оны төсөвт тусгана” гэдгээ хэлэв. Мөн “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр улсын хэмжээнд зургаан  суманд жишиг эмнэлэг байгуулах төслийн хоёр нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Тариалан суманд хэрэгжинэ” гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж байв. Мөрөн суманд барьж байгаа Халдварт сүрьеэгийн 30 ортой эмнэлгийн барилгын ажлын явц 75 хувьтай байна.

Холбоотой мэдээ