Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг дундын нэмэгдэлгүй худалдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-30-нд Лавай худалдааны төвд үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдаагаар 21 аймгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж, малчдын гарал үүслийн баталгаатай мах, хүнсний ногоо, цагаан идээг бөөний үнээр, дундын дамжлага нэмэгдэлгүй худалдан авах боломжтой юм. Лавай худалдааны төвд нэг кг хонины мах 6500-7000, үхрийн мах 8500-9000, адууны мах 7200-7600 үнэтэй байна. Түүнчлэн төмс кг нь 800, сонгино, лууван 1000-2500, байцаа, лууван, манжин тус бүр 1000 төгрөг, нэрс, аньс, чацргана зэрэг жимсийг 8000 төгрөгөөр худалдааж байна.
Үзэсгэлэн худалдааг “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Мах сүүний анхдугаар” аян, “Атрын III” аян, “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-ийн хүрээнд ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болох эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.