“Улаанбаатар төмөр зам” ХНН олон улсын шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-25 13:37:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН олон улсын төмөр замын байгууллагаас “Алтан сүй тэрэг” шагнал хүртлээ.

Уг шагналыг Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Хорооны дарга Тадеуш Шозда есдүгээр сарын 24-нд Польшийн Гданьск хотноо болж буй олон улсын тээврийн Трако-2019 үзэсгэлэнгийн үеэр УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Г.Ганболдод гардуулан өглөө.  

Олон улсын төмөр замуудын холбоо, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага, Европын төмөр зам, дэд бүтцийн компаниудын холбоо, Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл, Олон улсын агаарын ачаа тээврийн холбоо, Олон улсын авто тээврийн холбоо зэрэг 10 гаруй нэр хүндтэй тээврийн салбарын холбоодын удирдлага, тээврийн салбарын шинжээч нараас бүрдсэн “Алтан сүйх тэрэг” шагналыг зохион байгуулах хорооны энэ шагналаар төмөр замын салбарын шилдэг компанийг шалгаруулж урамшуулдаг байна.


Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Хорооны дарга Тадеуш Шозда шагналыг гардуулахдаа, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад “Олон улсын тээврийн хамтын ажиллагааны нэр төрийн батламж” олгосныг дамжуулан өгөхийг хүссэн байна.



Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг 2018 онд 25.7 сая тонн ачаа тээж түүхэн амжилт гаргасан бөгөөд Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээг огцом нэмэгдүүлж Ази-Европыг холбосон төмөр замын гол коридор болохоо харуулж чадсан юм. УБТЗ-ын энэхүү амжилтыг хөрш хоёр орны төмөр замчид үнэлээд зогсохгүй олон улсын тээврийн салбарын нэр хүндтэй байгууллагууд ч онцолж “Алтан сүйх тэрэг” шагналын эзнээр тодрууллаа.

Холбоотой мэдээ