Налайхын 20.9 км авто замын хучилт 40 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгалаа.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, “Өнөөдрийн
байдлаар нийт замын ерөнхий гүйцэтгэл 85 хувьтай далан, хоолой, тунелийн ажил
бүрэн хийж дууссан. Одоогийн байдлаар замын хучилтын ажил 40 хувьтай байна.
Налайхын замын 20.9 км автозамын үндсэн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 30-нд
нээнэ. Явган хүний зам, дугуйн замын ажлыг ирэх хавраас эхлүүлнэ” хэмээв. Уг
авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн
замтай болгон шинэчилж байгаа юм. Ингэснээр алсалсан дүүргийг нийслэлтэй холбох,
Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний
нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын
бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг
хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Замын чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн хангаж төлөвлөсөн хугацаанд багтааж ашиглалтад оруулах ёстой. Замын ажлыг хийж гүйцэтгэхэд хяналтын компаниуд шаардлагаа өндөрсгөж ажиллах хэрэгтэй” гэв. Түүнчлэн түр замын тоосжилтыг багасгах зорилгоор замын усалгааг өдөр бүр хийх автомашинуудын тоог нэмж, иргэдийн аюулгүй зорчих байдлыг хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.