Бээжин хотын агаарын чанар сайжирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-09-25 12:57:35

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын чанар өнгөрсөн наймдугаар сард сайжирч, нэг шоо метр агаар дахь “PM2.5” нарийн ширхэгт тоосонцрын дундаж хэмжээ 23 микрограмм хүрсэн гэж гэж Бээжин хотын Экологийн товчооноос мэдээлжээ


Хятад улсад агаарын чанарын үзүүлэлтийг бүртгэж эхэлснээс хойш наймдугаар сард бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт энэ болжээ. "Хятадын нийслэл сүүлийн 20 жилийн хугацаанд эдийн засгийн хурдацтай өсөлтийг хадгалсны зэрэгцээ агаарын бохирдолтой тэмцсээр ирсэн" гэж Экологийн товчооны дэд дарга Ю Жяньхуа хэлсэн байна. 


НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс өнгөрсөн гуравдугаар сард гаргасан тайланд дурдсанаар, Бээжин дэх хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, “PM10” тоосонцрын түвшин 1998-2017 онд 93 хувь, 38 хувь, 55 хувиар тус тус буурсан байна.


Бээжин хот цэвэр эрчим хүчийг дэмжих, үйлдвэрүүд болон тээврийн хэрэгслүүдийн ялгарлыг хянах зэрэг агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. Тус хотын агаарын бохирдолтой тэмцэх кампанит ажил НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн жишиг судалгаануудад бүртгэгджээ. 


Гэсэн хэдий ч цаашид Бээжинд олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд нийслэл хотын агаарын чанар намар болон өвлийн улиралд ноцтой хэмжээнд хүрдгийг Ю Жяньхуа онцолсон байна.


PM2.5” нь 2.5 микрометрээс жижиг хэмжээтэй тоосонцор бөгөөд нэг шоо метр агаар дахь уг тоосонцрын хэмжээ 10 микрограммаас хэтрэхгүй байх хэрэгтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг байна.


2018 онд Бээжин хотын нэг шоо метр агаарын “PM2.5” тоосонцрын дундаж хэмжээ 51 микрограмм байсныг 2017 оныхтой харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт болж байжээ.

Холбоотой мэдээ