УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадуудыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг Төрийн ордонд хүндэтгэн хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, “Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж, анхдугаар чуулган хуралдсаны 29 жилийн ой саяхан тохиосон. Харин өнөөдөр байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрыг үүсгэн байгуулсны 29 жилийн ой тохиож байна. Ахмадын өдрөөр ахмадуудаа хүндэтгэн хүлээн авч, санал сургаалийг нь сонсдог уламжлал тогтоод олон жил болж байна. Та бүхэн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулах эхлэлийг тавьсан түүхэн гавьяатай хүмүүс. Ард түмэндээ үйлчлэх, төрдөө үнэнчээр зүтгэх төрийн албаны мөн чанарыг тууштай, тогтвортой сахиж чадсан хүмүүс бол яах аргагүй УИХ-ын Тамгын газрын ахмадууд билээ. Та бүхэнтэйгээ зөвхөн баярын өдрөөр уулзаад өнгөрөх нь хангалтгүй. Тиймээс УИХ-ын Тамгын газраас ахмадуудтайгаа ойр ойрхон ажил хэргийн уулзалт хийж, зарим асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, үнэ цэнтэй туршлагаас нь суралцах, зөвлөмжийг нь авдаг байх шинэ санаачилгыг гаргаж байгааг дуулгахад таатай байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Мэдээлэл, судалгааны төвийг бие даасан газар болгохоор ажиллаж байгаа. Энэ намар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлуулах ажлыг зохион байгуулах гэж байна. Иргэд, олон нийтэд төслийн агуулгын ач холбогдлыг сурталчлан таниулах, тайлбарлах ажилд та бүхнийг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна. УИХ-аас ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд манлайлан ажиллаж байна. Цаашид төрөөс ахмадуудад тулгамдаж буй нийгэм, эрүүл мэндийн асуудлыг шийдэх цогц бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ жил ахмадын өдрийг дэлхий даяар “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д заасан ахмадуудыг нас, хүйс, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл, угсаа гарал, орлогын байдал болон бусад статусаас үл хамааруулан нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд идэвхтэй оролцуулах боломжийг хууль, эрх зүйгээр хангах зорилтыг хэрэгжүүлэх уриан дор тэмдэглэж байна” гэлээ. Түүнчлэн УИХ-аас амхмадуудын эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, цалин орлого аж байдлыг сайжруулах олон ажлыг хэрэгжүүлэхээ илэрхийлэв.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдрийг дэлхий нийтээр 29 дэх жилдээ, харин Монгол Улсад 27 дахь жилдээ тэмдэглэж байна.