У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурыг эко аялал жуулчлалын бүс болгоно

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-24 16:13:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мөрөн суманд хоёр дахь өдрөө ажиллаж байна. Өнөөдөр Дулааны станц, Нэгдүгээр цэцэрлэг, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр “Хөвсгөл нуурыг эко аялал жуулчлалын бүс болгоно” гэдгийг онцолж байв.

Үүний хүрээнд Засгийн газраас шийдвэр гаргаж 30 нэр төрлийн ажилд 55 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Эко аялал жуулчлалын бүс болгохын тулд 1100 мкв талбай бүхий өдөрт 1000 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай жуулчны мэдээллийн төв байгуулах, Хөвсгөл нуурын орчимд ургаж байгаа нэн ховор ургамлын үржүүлэг, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Дээд модот булан Жанхай, Чучу чиглэлд 15 км аяллын хоёр жимийг жуулчдад зориулан тохижуулах гэнэ. Мөн Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барих, Хатгал, Жанхай, Дээд модот булан, Ардаг, Тойлог зэрэг газарт 500 автомашины найман зогсоол, Хөвсгөл нуурт усан замын тээврийн төв байгуулах зураг төсөл боловсруулах, хатуу хог хаягдлыг дарж булах технологи бүхий хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах, түр отоглох 22 цэг болон автомашины зогсоолд ариун цэврийн 29 байгууламж байгуулах зэрэг нийт 31 ажил хийхээр болжээ.

Холбоотой мэдээ