Тогтвортой хөгжлийн үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний төслийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр “Холидэй Инн” зочид буудалд болж байна.
Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж буй өнөөдрийн хэлэлцүүлэгт төв болон орон
нутгийн төр, захиргааны байгууллагын албан тушаалтнууд, иргэний нийгэм, хувийн
хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, олон улсын түншүүд оролцож үндэсний
түвшний төсөлд саналаа тусгаж байна.
Учир нь Тогтвортой
хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг олон талын
оролцоог ханган тодорхойлох талаар Монгол Улсын Ерөнхий сайд захирамж, Засгийн
газрын ХЭГ-ын тушаал энэ онд гарсан юм. Энэ талаар ажиллах дэд ажлын баг
байгуулж удирдамжаар хангаад байгаа талаар Үндэсний хөгжлийн газрын дарга
Б.Баярсайхан хэлж байна.
Хэлэлцүүлгийн талаар
Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
Ж.Должинсүрэнгээс тодруулбал, “Ядуурлын бүх хэлбэрийг бүрэн устгах, уур
амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хариуцлагатай, тогтвортой
хэрэглээ болон үйлдвэрлэлийг дэмжих гээд 17 зорилгыг тусгасан Тогтвортой хөгжил
нь дэлхий нийтийн зорилт болоод буйг та бүхэн мэдэж байгаа. Энэ зорилт,
зорилгуудыг Монголд яаж хамааруулах талаар өнөөдөр ярилцаж байна. Энэ талын
үндэсний шалгуур үзүүлэлтүүд манай улсад хэр нийцэж буйг хэлэлцүүлж санал авч
байна” гэв.
“Дэлхий нийтээр тавьсан Тогтвортой
хөгжлийн зорилгын 169 зорилтоос нийт 76
нь Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2020, 2030”-д тусгасан
байгаа. Шалгуур үзүүлэлт 244-ээс манай
улсад хэрэгжих 101 эх үүсвэр гарч байна.
Том зургаар харвал, манай улс ийм байдалтай яваа. Төслийн хэлэлцүүлэг дуусах болоогүй, дэд төслүүдийг
танилцуулж санал авч
тусгана. 10-р сар хүртэл ажиллана” гэв. Ингэснээр Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний үзүүлэлтүүд
батлагдаж, улмаар хэрэглээнд орж эхэлж, Тогтвортой хөгжлийн зорилгын
хэрэгжилтийн ахиц дэвшлийг манай улсад хянаж, үнэлэх бололцоотой болно гэж
байв.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт
УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа, НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Беата Транкман нар оролцож, “Тогтвортой
хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хянах систем”-ийн талаар ҮХГ-ын Үндэсний
тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл, “Тогтвортой
хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох ажлын явц, нэгтгэсэн төсөл”-ийн
талаар Хөгжлийн бодлого,
төлөвлөлтийн газрын дарга Ж.Должинсүрэн нар тус тус танилцуулав.
Үдээс хойш хүнс, тэжээл,
ХАА-н үйлдвэрлэл, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн дутагдлыг
бууруулах, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, засаглал, эдийн засаг, дэд
бүтэц, хот төлөвлөлт, барилга, ариун цэврийн байгууламжийн талаар холбогдох
яамдын төлөөлөл танилцуулж хэлэлцүүлж байна.
Тодруулга: НҮБ-ын
Ерөнхий ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалтаар 17
зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий 2030 он хүртэлх Дэлхийн
Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг 2015 онд баталсан билээ. Энэхүү хөтөлбөр нь
Тогтвортой хөгжлийг дэлхийн түвшинд цогцоор нь харж, түүнийг улс орнууд
өөрсдийн бодлогод тусгаж хэрэгжүүлэхээр тодорхойлсон. Улс орон бүр эдгээр
зорилтуудыг үндэсний түвшинд тодорхойлж, хөгжлийн бодлого төлөвлөлтийн үйл
явцад тусгах ажлыг хэдийн эхлээд байна.
Б.Болд