“Emmy Awards”-ыг телевизээр хамгийн цөөн хүн үзжээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-09-24 12:12:29

ЛОС-АНЖЕЛЕС. /Reuters/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Microsoft” театрт болсон “Emmy Awards” наадмыг телевизээр үзсэн америк үзэгчдийн тоо урьд байгаагүй хамгийн бага хэмжээнд байжээ.


Nielsen” судалгааны байгууллагын мэдээлснээр, телевизийн урлагийн шилдгүүдийг тодруулдаг уг наадмыг 6.9 сая хүн үзсэнийг өмнөх оны үзэгчдийн тоотой харьцуулахад 32 хувиар буурчээ. 2018 оны “Emmy Awards”-ыг 10.2 сая хүн үзэж, тухайн үедээ хамгийн бага үзүүлэлт болж байжээ.


Орон нутгийн цагаар ням гарагийн орой болсон “Emmy Awards” наадмын 71 дэх удаагийн шагнал гардуулах ёслолыг телевизийн “Fox” суваг шууд дамжуулан үзүүлжээ. Уг арга хэмжээ гурван цагийн турш үргэлжилсэн байна.


Хэдийгээр телевизийн үзэгчдийн тоо буурсан хэдий ч нийгмийн сүлжээний хавсралтуудыг ашиглан үзсэн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оныхоос 11 хувиар өсжээ.


Twitter”-ийн хэрэглэгчдийн хамгийн их жиргэсэн киногоор “Game of Thrones” тодорсон бол үүний араас “When They See Us”, “Chernobyl”, “Fleabag”, “Killing Eve” кино жагссан байна.


Nielsen” судалгааны байгууллагын үзүүлэлтэд зөвхөн гэрээсээ үзсэн үзэгчдийн тоог харуулдаг бөгөөд цэнгээний газар, ресторан зэрэг олон нийтийн үйлчилгээний газарт байсан үзэгчдийн тоо багтаагүй ажээ. 

Холбоотой мэдээ