Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-09-23 18:24:22

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга З.Батзориг аймгийн эдийн засаг, нийгмийн байдал, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх саналын талаар танилцууллаа.

          Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, цаашид засаж сайжруулах тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Засгийн газрын хамгийн тулгамдсан асуудал бол нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоох, гадаад өрийг төлж барагдуулан, улс орноо эдийн засгийн хямралаас гаргах явдал байсан. Олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж дотооод нөөц бололцоогоо дайчлан, төсөв санхүүгийн хатуу бодлого явуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд бид энэ ажлыг хийж хэрэгжүүллээ. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газар гурван жилд 7,2 их наяд төгрөгийн өрийг барагдууллаа. Мөн 314,0 тэрбум төгрөгийн “Ирээдүй сан”-гийн хадгаламж нээж үр хүүхдүүддээ үлдээлээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 78,8 хувьд хүрээд байсан өрийг өнөөдрийн байдлаар 54,4 хувь болгож бууруулсан. Тодорхой үр дүнд хүрч байгаа эдийн засгийн бодит амжилтыг олон улсын банк санхүүгийн байгууллага улс орны эдийн засаг тогтвортой боллоо гэсэн үнэлгээ өгч байгаа. Цаашид бид сайн ажиллах ёстой гэлээ.

Мөн ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг, залхуурал гэсэн таван дайсан байна. Аймаг орон нутгийн удирдлага, байгууллагын даргын ажлыг дүгнэхдээ ажилгүйдлийг хэрхэн бууруулав, хэдэн хүнийг ажилтай болгов гэдгээр үнэлнэ гэж үзэж байгаа. Ажил хийх хүн олдлохоо байлаа. Ажилд авна гэсэн зар байхаас ажилд орно гэсэн мэдээлэл алга байна.  Өвөө эмээгийн тэтгэвэр, халамжийн тэтгэмжээр амьдраад болоод байна гэж бодож байгаа залуус байна. Одоо тэгж сэтгэх өнгөрсөн. Монголын төр дөрвөн хүнийг харж хандана. Нялх хүүхэд, өндөр настай өвөг дээдэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхээ харж хандана. Бусад нь ажлаа хийнэ. Ажил хийж амьдарлаа сайжруулах хэрэгтэй. Амьдрал ярих цаг болсон. Эвдрэлцэн хагаралдах бус эвлэлдэн нэгдэж улс орноо хөгжүүлэхийг та бүхэндээ уриалж байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Уулзалт дээр Булган сумын иргэн Н.Дагвадорж, А.Ганболд, Б.Дашбалжир, Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандулам нарын 20 гаруй хүмүүс санал бодлоо илэрхийллээ. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, бэлчээрийн талхагдлыг бууруулах, “Жаргалант” зуслан, ахмадын өргөө барих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаар санал гаргасан юм. Иргэдийн гаргасан зарим санал хүсэлтэд Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт нар хариулт өгөв.



Холбоотой мэдээ